Найздаа туслах гээд салбараа нураах уу?
6 сарын 17, 2019

"Аварга бөх араасаа хоёр бөх чирдэг" гэх мухар сүсэг байдаг юм билээ, энэ үнэн байтлаа хаа юм. Харин улсын банкны систем гэдэг мухар сүсгээс илүү бодитой таталцах хэлхээ холбоотой! 1929 оны АНУ-ын банкны хямрал "Bank of America" гэдэг жижигхэн, жүүдийн банкнаас эхэлсэн гэдэг.

Яг үүн шиг "Капитал" банкны дампуурал араасаа дагуултай байх янзтай болжээ. Монголд банкны дампуурлын хий үзэгдэл хэсүүчилж явна. Тэгэхдээ найз нөхдийн өрөө дамжин хэсүүлчилнэ! Өнгөрсөн жил төв банкнаас банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд олон банк уг даалгаврыг биелүүлсэн боловч ганц "Капитал" банк л хангаж чадаагүйгээс дампуурчээ. Гэтэл ОУВС-аас банкуудын дүрмийн санг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгахаа мэдэгджээ. Тус сангаас хэрэгжүүлж байгаа Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг банкуудын дүрмийн сангийн өргөтгөлд хэрэглэсэн байж болзошгүй гэх хардлага ОУВС-г ийм шийдвэрт хүргэжээ.

Үүний зэрэгцээ улсын мэдлийн арилжааны банкаас их хэмжээний чанаргүй зээлийг цөөн хүнд олгож, тэр мөнгө нь эргэн төлөгдөхгүй, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаагаас дараагийн банк ясаа тавихдаа тулж байгаа бололтой! Улсын мэдлийн арилжааны банкны зээл олголт, эргэн төлөлтийн асуудалд мөн л улстөрийн томилгоогоор залардаг Төв банкны ерөнхийлөгч ихээхэн нөлөөтэй, гар дүрэн оролцож байна. Нэг л томоохон компанид олгосон их хэмжээний зээл эргэн төлөгдөхгүй байгаагаас бүтэн банк хүндэрч байхад Төв банкны ерөнхийлөгч найздаа туслаж, зээлийн төлөлтийг хойшлуулсаар өдий хүрсэн нь арилжааны банкыг дампуурлын зам руу шахаж байна. Өөрөөр хэлбэл дараагийн банк Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы “тусч, энэрэнгүй” зангаас болж дампуурахдаа тулсан ба санхүүгийн нөхцөл нь "Капитал"-аас ч муудсан байна.

Харин түүнийг Төв банкны ерөнхийлөгч тас нууж, онгорхой цоорхойг гадны хөтөлбөрийн мөнгөөр нөхөж байгаагаас нэгд улс орны санхүүгийн нуралт эхлэх, хоёрт ийм юм болоход туслаж дэмжих цор ганц тулгуураа хуга цохихтой адил юм болох гэж байгааг эрх баригчид анзаарахгүй байна гэж баймгүй. Капитал араасаа хэдэн банк дагуулах вэ?... Төв банкны Ерөнхийлөгч өө!