Ерөнхий сайд асан Сү.Батболд 200 мянган ам.долларын авлига өгсөн үү
9 сарын 30, 2019


Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд “Чингис” зочид буудлын зүүн хойно, одоогийн "И март" худалдааны төвийн газрыг 2013 онд авч үлдэхийн тулд авлига өгсөн гэх өргөдлийг нэгэн иргэн АТГ-т гаргаж, хандсан байна. Одоо уг хэрэг шалгагдаж байгаа аж. Тодруулбал, Сү.Батболдын “Чингис” зочид буудлын хойно байрлах, тухайн үед “Алтай кашмер”-ын ноолуурын дэлгүүр ажиллаж байсан тухайн газрыг хууль бусаар олгосон хэмээн үзэж 2013 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, цуцлах газруудын жагсаалтад багтаасан байна. Гэтэл Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд 200,000 ам.долларын авлигыг Нийслэлийн газрын албаны холбогдох албан тушаалтанд өгч цуцлагдах компаниудын жагсаалтаас дээрх газрыг сугалж үлдсэн хэмээн эх сурвалж ярьж байгаа юм. Авлига өгсөн гэх баримт АТГ-т очсон байна. Нийслэлийн прокурорын газраас 2019 оны зургадугаар сарын 27-ны өдөр хэрэг нээх мэдэгдэх хуудсыг АТГ хүргүүлжээ. 

Энэ талаар тухайн авлигыг зуучилсан гэх иргэн ярьж байна. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм. Түүнийг А хэмээн төлөөлүүлж байна. Мөн ярьсан бүх зүйлдээ эзэн болж, хариуцлага хүлээнэ гэдгийг хэлсэн. 

А-ын хэлж буйгаар 2013 оны 3 дугаар сарын эхээр нэг орой одоогийн Гаалийн газрын дарга Б.Асралт түүн рүү утсаар залгасан байна. Өөрийгөө Сү.Батболдын дүү хэмээн танилцуулж, ярих нэг чухал ажил байгааг хэлжээ. Мөн Сү.Батболд Японд байгаа хэмээн хэлсэн аж. Б.Асралт бол Сү.Батболдын эхнэрийн төрсөн дүү. Түүнийг Гадаад харилцааны дэд сайд байхад туслахаар нь ажиллаж байсан. Мөн Ерөнхий сайд болоход ахлах зөвлөх байжээ. Ингээд А нь Б.Асралтыг гадарладаг байсан тул таньж, ямар хэрэг болов гэхэд “Батболд ах сая Японоос ярилаа. Ардчилсан намынхан улстөржүүлээд манай компанийн газрыг хүчингүй болгох гээд байна. Тийм болохоор та танил талтай юм чинь хөөцөлдөөд аваад үлдээч. Мөнгө төгрөгний асуудлыг Батболд ах ирж байгаад таньтай ярьна биз дээ” гэсэн байна. Тухайн үед газар эзэмшигч нэг компанийн нэр хэлсэн бөгөөд захирал нь Жавзмаа гэж хүн байсан гэдгийг ярьсан. А хөдөө явж ирээд хөөцөлдөөд өгье гэхэд хоног хугацаа алдаж болохгүй, дариухан зохицуулаад өгөөч гэж хүссэн аж. Ингээд маргааш нь газрын албанд очжээ. Таньдаг мэддэг хүмүүстэйгээ уулзахад нөгөө газар нь газрын албаны хүчингүй болгох жагсаалтад орчихсон байсан аж. Ингээд тухайн үед газрын албанд зуучилж байсан хүндээ “Аргалаад өгөөч ээ, мөнгө төгрөг нь асуудалгүй, Сү.Батболд өөрөө ирээд зохицуулна” гэж хэлсэн байна. Хэд хоногийн дараа А-ын ярьсан хүн утасдаж “Цуцлуулах жагсаалтаас гаргачихлаа шүү” гэжээ. 

Ингээд Сү.Батболдыг ирэхээр мөнгө төгрөгийг нь ярья гэсэн байна. Тухайн үед газрын асуудлыг нь зохицуулсан гэж мессэж бичихэд “ok” гэсэн хариу өгч байжээ. Сү.Батболд Японоос ирж, А уулзаж “Газрын асуудлыг чинь шийдсэн. Чи өөрөө нөгөө шийдэж өгсөн хүнтэйгээ яриад мөнгө төгрөгөө зохицуул. Би оролцохгүй гэсэн байна.” Ингэхэд Сү.Батболд би Ерөнхий сайд байсан хүн юу гэж хамаагүй уулзаад явах вэ. Чи нэг мөр зохицуулаад ярьчих гэсэн байна. Анх зуучилж өгсөн хүн 400 мянган ам.долларын авлига нэхжээ. Үүнийг Сү.Батболдод хэлэхэд чангадаж байна гээд хоёр тал ярьж 200.000 ам.доллар болгож бууруулсан байна. Гэхдээ уг мөнгийг шууд бэлэн гаргаж өгөх боломжгүй, Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа тул хэл ам гарна хэмээн хэлж, зээлийн гэрээ байгуулж, түүгээр шилжүүлсэн байдлаар гаргаж өгөх асуудал ярьсан байна. Үүнийг А зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар Сү.Батболдын ах Бат-Очирын “Чингис хаан таун” компаниас А-ын Худалдаа хөгжлийн банк дахь валютын дансаар 20, 20 мянган ам.доллараар шилжиж эхэлсэн байна. Тухайлбал, 2013 оны 8 дугаар сарын 22-нд 20 мянга, 8 дугаар сарын 16, 9 дүгээр сарын 26 гэх зэргээр шилжсэн байгаа юм. Ингэхдээ гүйлгээний утга нь хэд хэдэн янз байжээ. Ингээд нийт 200 мянган ам.долларын 120 мянган ам.долларыг дансаар, 80 мянган ам.долларыг бэлнээр өгсөн байна. Хамгийн сүүлд 40 мянган ам.долларыг Бат-Очир авчирч өгсөн аж. Уг хэрэг 2013 оных тул хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдах магадлал өндөр байгаа юм. Мөн АТГ-аас уг хэргийг илрүүлэхэд хойрго хандаж байгааг хэлсэн. Учир нь Сү.Батболд АТГ-ын гүйцэтгэх ажлын төсвийн батлалцдаг эрх мэдэл бүхий хүн. Энэ утгаараа асуудалд хойрго хандаж байна уу хэмээн хардаж байгаагаа А хэлсэн. Мөн намын нөхөд, холбогдох албан тушаалтнуудад Сү.Батболдын авлигын хэргийн асуудлаар мэдээлэл өгсөн ч ямар нэг хариу өгөлгүй, хамгаалж байгааг хэлэв. Хэрэв А-г худлаа хэлсэн гэж байгаа бол шүүхэд өгч шалгуулах хэрэгтэй хэмээж байна.