Дуучин Д.Болд рок попын ертөнцөд цахиур хаглах шинэ уран бүтээлчдийг “төрүүлнэ”
10 сарын 7, 2019

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд студи байгуулжээ. Тэрбээр шинэ студиэ “440Hz records” хэмээн нэрлэсэн бөгөөд тун удахгүй албан ёсны нээлтээ хийх аж.  Түүний “440Hz records”-ын нэрнийн утгыг тайлбал, хөгжмийн ля нот хамгийн цэвэр, тунгалаг дуугардаг. Өөрөөр хэлбэл, 440 герцээр хэлбэлзэж дуугардаг гэсэн утгатай. Уран бүтээлээ цэвэр тунгалаг өнгөөр сонсогчиддоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.

Дуучин Д.Болдын хувьд одоогоос 13 жилийн өмнө өөрийн “B Production”-ыг үүсгэн байгуулж, дуучин Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, Э.Агиймаа, “Гурван охин” хамтлаг, “Бид 4” хамтлаг, Шоо хамтлаг /Опозит/ нарын хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчдийг олны танил болгосон байдаг. Тэрээр энэ удаад “Voice of Mongolia” шоунд өөрийн багт байсан дуучдын шинэ уран бүтээлүүд дээр ажиллах аж.