Гурван зуун мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэв
5 сарын 9, 2018

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар компанийн удирдлагуудыг санаачилгатай ажиллахыг шаардаж, долоо хоногийн хугацаанд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар хувилбар гаргаж өөрт нь танилцуулахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг, тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар бэлтгэсэн саналуудаа танилцуулав. Компанийн зүгээс иргэдэд ногдол ашиг тараах хоёр санал бэлтгэсэн бөгөөд эхнийх нь ЭТТ ХК-ийн хувьцааны одоогийн эзэмшлийн дагуу иргэн бүрт 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах, үүний тулд 300 орчим сая м.куб уулын цул хөдөлгөж, 60 сая тонн нүүрс олборлож, борлуулах шаардлагатай юм байна. Гэсэн ч компани 2017 онд 47 сая м.куб уулын цул хөдөлгөж, 10.1 сая тонн нүүрс олборлож, 8.5 сая тонн борлуулсан тул үйлдвэрлэлийн энэ хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлэх боломжгүй юм байна. Тэдний санал болгосон нөгөө хувилбар нь, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой гэж судалжээ. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувилбар юм. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой юм байна. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваарилах боломжтой бөгөөд компанийн өртгийг бууруулснаар нэг иргэнд 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг сонссоны дараа Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэд баялгийн хуваарилалтын асуудлыг их хөндөж байгааг сануулж, иргэдэд ногдол ашиг тараах боломж байгааг сайшаав. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн 6.1-т “… байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсний дагуу байгалийн баялгаас ард иргэдэд ногдол ашиг тараах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа болоод удахгүй УИХ-д энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барина гэдгээ хэллээ. Энэ хуулийн төсөлд ЭТТ ХК-ийн төрийн эзэмшлийн 85 хувийг иргэдэд шилжүүлэх замаар иргэн бүрт очих ногдол ашгийн хэмжээг өсгөх болоод иргэдийн хувьцааг хамгаалах асуудал тусгагдаж байгаа юм. Уулзалтын төгсгөлд ЭТТ ХК-ийн удирдлагууд иргэдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар гарсан аливаа саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.