Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 488 буюу 0.8%, амьд төрсөн хүүхэд 563 буюу 1.0%-аар нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард 6,541 эх амаржиж, 6,597 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 39 (0.6%)-өөр, амьд төрсөн хүүхэд 23 (0.3%)-аар буурчээ. Харин энэ нь сүүлийн таван жилийн есдүгээр сарын хувьд хамгийн олон хүүхэд мэндэлсэн есдүгээр сар болж байна.
Тэгвэл нас баралт энэ оны
эхний есөн сард 12,723 болж, өмнөх оны мөн үеэс 177 (1.4%)-оор буурчээ. Тайлант
хугацаанд 1,000 хүнд ногдох төрөлт 17.8, нас баралт 3.9 байсан бөгөөд хүн амын
ердийн цэвэр өсөлт 13.9 байна. Өмнөх оны мөн үеэс 1,000 хүнд ногдох төрөлт 0.2
пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр тус тус
буурчээ.
Бусад аймгийн тухайд,
1,000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон,
Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.5-3.2 пунктээр дээгүүр байгаа бол Өмнөговь
аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-9.3 пунктээр доогуур байна. Харин 1,000
хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл,
Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.4 пунктээр дээгүүр,
Улаанбаатар болон Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод аймагт ижил
түвшинд, бусад аймагт 0.1-1.8 пунктээр доогуур байна.
Хүн амын ердийн цэвэр
өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт улсын
дунджаас 0.8-3.1 пунктээр дээгүүр буюу илүү өсөж байгаа бол Өмнөговь аймагт
ижил түвшинд, бусад аймагт 0.1-8.3 пунктээр доогуур байгааг Үндэсний
статистикийн хороо танилцууллаа.