ДАШТ-ий урьдчилсан шатны гурван тоглолтыг амжилттай давсан үндэсний шигшээ баг дөрөв дэх тулаанаа өнөөдөр 16:00 цагаас Киргизийн эсрэг хийнэ. Монголын шигшээ 2017 оны 12-р сард "Цунами цом" нэртэй тэмцээнд Киргизтэй таарч 3:0-ээр ялагдал хүлээж байв.
Харин өнөөдрийн тоглолт тэс өөр болно гэдгийг ахлах дасгалжуулагч Майкл Вайсс "Тэр тоглолтод 23-аас доош насны залуус тоглосон. Өнөөдөр үндэсний шигшээ баг өнгөрсөн 2.5 жилд юу сурснаа Киргизийн багт үзүүлнэ. Бөмбөг эзэмшиж, жигүүрээ сольж, хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ." гэсэн үгээрээ илэрхийлээд амжсан. Манай шигшээ одоогоор хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа. Хэрэв өнөөдөр Киргизээс эерэг үр дүн авч, 11-р сарын 19-нд Мьянмарын талбайгаас оноо салгаж чадвал 2023 оны Азийн АШТ-ий өмнөх "Плэй офф"-ийн шатанд өрсөлдөх шаардлагагүй болно.
Дөрөвдүгээр байртай өндөрлүүлбэл "Плэй Офф" тоглолт хийж Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд орох эсэхээ шийдэх юм.