Хөвсгөл, Завхан аймагт газар хөдөлжээ
10 сарын 16, 2019

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Оройн товгор” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т 2019.10.15-ны өдрийн 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 13:39 цагт цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Мэнгэбулаг” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 341км-т, сумын төвөөс баруун зүгт 71 км-т/ аравдугаар сарын 15-ны өдрийн 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с 15:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан 2 дугаар багийн Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ.