Монгол Улс Нигер улсын иргэдийг хүлээж авахгүй
10 сарын 17, 2019

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр /2019.10.17/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11.00 цагт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МОНГОЛ УЛСААС НИГЕРИЙН ХОЁР ХӨЛБӨМБӨГЧИЙГ АЛБАДАН ГАРГАСАН

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Сүүлийн үед Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр гадаадын тамирчдыг урьж, ажиллуулж байна. Үүнд, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спорт багтана. Ихэнх спортын холбоод гадаадын тамирчдыг зөвшөөрөлтэйгөөр оруулж ирж байгаа ч зөвшөөрөлгүй оруулж ирдэг асуудлууд байна. Үүний жишээ бол Нигер улсын хоёр иргэн юм. Өөрөөр хэлбэл эдгээр гадаадын иргэд Энэтхэг улсын Элчин сайдын яамнаас 30 хоногийн жуулчин ангиллын виз авч, Монгол Улсад орж ирсэн Нигерийн иргэнийг аравдугаар сарын 11-нд албадан гаргалаа. Одоо үлдсэн нэг иргэнийг аравдугаар сарын 26-нд албадан гаргана” гэв.

БНХАУ-ЫН ИРГЭН 120 САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ВАЛЮТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДАВ

Манай байгууллага гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шалгадаггүй. “Буянт-Ухаа” дахь “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд аравдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч, БНХАУ-ын иргэн гар тээшиндээ 120 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют оруулахыг завдсан. Энэ хэргийг гаалийн байгууллага шалгаж байгаа.

МОНГОЛД НИГЕР УЛСЫН ИРГЭДИЙГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗОГСООЛОО

Хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад ирэхдээ ирсэн зорилгоо өөрөө тодорхойлох ёстой. Тэрийг нь холбогдох байгууллагууд шалгаад манай байгууллагад ханддаг юм. Харин хар тамхины хэрэгт холбогдсон, “Их засаг” их сургуульд багшилж байсан гадаадын иргэн Нигер улсын иргэн байсан. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр гадаад улсын иргэд нэлээд холбогдож байна. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэг тархсан орнуудын иргэд үйлдэж байна. Бидний зүгээс хатуу хяналттай ажилладаг. Нигер улсын иргэний хувьд манай улсаас олгосон виз байхгүй. Өөрөөр хэлбэл Англи Улсад суугаа Элчин сайдын яамнаас 30 хоногийн визээр орж ирсэн. Манай улсаас асуухгүйгээр биенес, жуулчин ангиллын 30 хоногийн виз өгдөг хуулийн тогтолцоотой юм. Хэрэв 30 хоногоос дээш бол манай байгууллагаас асууж, зөвшөөрөл олгодог. Ингэж Монгол Улсад орж ирсэн иргэн байсан. Яг үнэндээ Монгол Улсад Нигер улсын иргэдийг орж ирэхийг зогсоосон.

ТУРКИЙН 35 ИРГЭН КАНАД УЛС РУУ ОРОГНОЛ ХҮСЧ ГАРСАН

Улаанбаатар хотод багшилж байсан Турк улсын найман иргэний гадаад паспортыг тухайн улсын Гадаад яамны шийдвэрээр бичиг баримтыг нь хүчингүй болгосон. Энэ шийдвэр Гадаад харилцааны яамаар дамжин манай байгууллагад ирсэн. Эдгээр иргэдийг Монгол Улсаас албадан гаргах шаардлага хүргүүлсэн ч НҮБ-ын Дүрвэгсдийн концессын газарт улс төрийн орогнол хүсч, өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Турк улсын таван гэр бүлийн 35 иргэн Канад улс руу гарсан.