Өнөөдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран Солонгос улс руу виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Солонгосын визний нөхцөл болон хуурамч материалуудыг шийдвэрлэх чиглэлд эдгээр байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгсөн юм.
Нийгмийн даатгал хариуцсан дэд дарга Г.Саран: “Солонгос улсад манай улсын 30 орчим мянган хүн ажиллаж амьдарч байна. Нийт 300 мянган иргэн сурч, хөдөлмөрлөх замаар зорчсон байдаг. Одоогийн байдлаар 900 мянган бизний мэдүүлэг хүлээж аваад байгаа. Визний мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар мэдүүлэх зөрчлүүд удаа дараа гарсаар байгаа юм. 2017 оны байдлаар сард дунджаар нийгмийн даатгалын цахим лавлагааг 24 мянган иргэн авсан гэсэн мэдээлэл байдаг. Солонгос улсын элчин сайдын яамнаас 2017 онд 890 хүнийн нийгмийн даатгалын лавлагааг манай мэргэжилтэнтэй холбогдож лавласан байдаг. Иймд хуурамч лавлагаа гаргахыг таслан зогсоох үүднээс нийгмийн даатгалын лавлагааны шинэ программыг шинээр ашиглалтад оруулж, байгаа юм” гэлээ.
Солонгосын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга буюу Консул Кил Кан Мүг: “Сүүлийн үед БНСУ-д зорчих хувийн хэвшлийн болон хувь хүний нийгмийн даатгалыг хуурамчаар үйлдэх асуудал их гарах болсон тул бид хамтран мэдээлэл хийж байна. Монгол Солонгос орны харилцаа бэхжиж байгаатай холбогдуулан хоёр орны иргэд ч харилцан идэвхитэй зорчих нэмэгдсэн. Иргэдийн виз мэдүүлэгт хуурамчаар үйлдэгдэж байгаа төрлийг авч үзвэл, Нийгмийн даатгалын тодорхойлол, гэрлэлтийн лавлагаа, таван сая төгрөг байршуулсан хуулгын мэдээлэл, өөрийгөө оюутан гэж хуурсан зэрэг мэдээлэлүүдийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд 500 гаруй хуурамч матераил ирсэн" гэлээ. Мөн тэрээр "Иргэд та бүхэн манай консулын газартай хамтран ажилладаг найман байгууллагаар үйлчлүүлэхийг хүсч байна. Эдгээр найман байгууллагаас өөр хуурамч газарт хандаж хохирогч болохгүй байхыг анхааруулъя. Визний дугаар дамлан зарагчид виз мэдүүлгийн найман төвд хэд хэдэн дугаарыг түрүүлээд авчихдаг. Түүнийгээ дамлан зарах тохиолдол их байна” гэв.
А.ДЭЛГЭР