Төв аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй, 415 дугаар хаалттай хорих ангиудад ял эдлэж байгаа хоригдлуудын хөдөлмөрийн хөлсийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 215 дугаар зүйлд заасны дагуу олгож байгаа эсэхийг төлөвлөгөөт бусаар шалгажээ.
Шалгалтаар, дээрх хорих
ангиуд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2018 оны А/131 дүгээр
тушаалаар батлагдсан “Хоригдлын хөдөлмөрийн норм, цалин хөлсний үнэлгээг
тогтоох журам”-д заасны дагуу “хөдөлмөрийн жишиг норм тогтоох зөвлөл” байгуулаагүй,
мөн нарийн мэргэжил, онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн нормыг тогтоогоогүй,
хоригдлын хийсэн бүтээгдэхүүнийг заавар, журмын дагуу үнэлээгүй, хоригдлын
хөдөлмөрийн үнэлгээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэт доогуур тооцдог,
ажилласан цалинг нь дутуу бодож олгодог зэрэг нэлээдгүй зөрчил илэрсэн байна.
Хоригдлуудын ажлын
хөлсийг буруу тооцон олгож байгаа нь тэдний бусдад учруулсан хохирол төлбөрийг
хийсэн ажлын хөлснөөс нь төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдалд хүргэх үр
дагавартай юм. Төв аймгийн прокурорын газраас 417 дугаар нээлттэй, 415 дугаар
хаалттай хорих ангийн дарга нарт прокурорын шаардлага хүргүүлж, илэрсэн
зөрчлүүдийг арилгах, дахин гаргахгүй байх үүрэг өгсөн байна.