Б.Болор: Саарал жагсаалтад орсон хариуцлагыг өнөөгийн эрх баригчид хүлээх ёстой
11 сарын 15, 2019

УИХ-ын гишүүн, сангийн сайд асан Б.Болортой ярилцлаа.

-Сонгуулийн дараа багшийн ажилд орсон уу. Яагаад багшийн ажилд идэвхтэй орох болов?

-Өнгөрсөн 2016 оны сонгуулийн дараагаас багшилсан. Одоо гурав дахь жилдээ багшилж байна. Улс төрд орохоос өмнө их сургуулиудад багшилдаг байсан. Ер нь багшийн ажилд дуртай. Дунд сургуулийн багшаар сүүлийн хоёр жил багшилж байна. Өөрийнхөө сонирхлоор, төгссөн сургуульдаа багшлаач гэсэн хүсэлт тавьсны дагуу багшилж байгаа.

-УИХ-ын гишүүн, Сангийн сайд байсан хүн. Улсын ажилдаа идэвхтэй оролцож болно.Гэхдээ та багшийн мэргэжлийг сонгосон байна?

-Яагаад болохгүй гэж.Багш сайхан мэргэжил, сайхан ажил. Хүүхдүүд том болоод жолооч, эмч болно гэдэг ярьдаг. Би бол багш болно гэж ярьдаг байсан. Нэг үгээр хэлэх юм бол өөрийнхөө хүсч мөрөөдөж байсан салбартаа ажиллах сайхан байна. Мөн сургууль маань надад санал болгосны дагуу өөрийнхөө төрөлх сургуульд багшилж байгаа. Хүүхдүүдтэй ажиллахад таатай байдаг. Мэдээж улс төрийн ажил хаягдахгүй. Намдаа улс төрийн зөвлөлийн гишүүн, үндэсний бодлогын хорооны гишүүний ажлаа хийж байгаа. УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш харьцангуй зав их болсон учраас багшийн ажлыг хийгээд явж байна.

-Улс орны эдийн засаг нөхцөл байдал Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо. Энэ байдлаар ирэх хаврын дахин саарал жагсаалтад орох эрсдэл бий болоод байна. Энэ асуудал дээр сангийн сайд байсан хүн ямар байр суурьтай байна бэ?

-Саарал жагсаалтад өнгөрсөн сард орсон. Өмнө нь 2011 онд саарал жагсаалтад орж байсан. 2011 онд саарал жагсаалтад ороод 2014 оны сүүлээр саарал жагсаалтаас гарч байсан. Ямар ч өнцгөөс харсан одоогийн төр барьж байгаа хүчин 2013-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт өгч саарал жагсаалтад орлоо гэж яриад байгаа. Энэ нь бол логикгүй тайлбар. 2014 оны сүүлээр саарал жагсаалтаас гаргачхаад 2013-2016 оныг үнэлж саарал жагсаалтад оруулна гэж байхгүй. Өнөөгийн төрд байгаа хүмүүсийн тайлбарыг анзаараад хараад байх юм бол “ФАТФ-ын “ манайд өгсөн зөвлөмжөөс юу нь биелж, юу нь биелээгүй байна. Дөрвөн зүйл дээр анхаар гэсэн зүйл байгаа. Тэрнийг аваад үзэхээр 2013-2016 онд хэрэгжүүлж байсан ажилтай ямар ч холбоогүй. Өнгөрсөн 2017 оны сүүлээр анх Монгол Улсад сануулга өгсөн. Монгол Улсад сануулга өгөхөд одоогийн МАН Засаг бариад жил гаруй болчихсон байсан. Бидний хувьд саарал жагсаалтад орохгүй байх бүрэн боломж байсан. Дөрвөн зүйл дээр манай Засгийн газар ямар нэгэн байдлаар биелүүлээд явах боломж байсан боловч хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулаагүй. Иймээс Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцож байх шиг байна. Монгол Улсад санхүүгийн ил тод байдал болон шилэн дансны хууль огт хэрэгжсэнгүй. Бидний үед шилэн дансыг хэрэгжүүл гээд өдөр шөнөгүй нүдэж байсан боловч 2016 оноос хойш Засаг авснаас хойш шилэн дансны хууль хэрэгжихгүй байгаа. Үүнээс гадна маш олон зүйл байна. Саарал жагсаалтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбож тайлбарлаж байгаа. Өгсөн зөвлөмж дээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай холбосон нэг ч зүйл байхгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Монголд далд байсан зүйлийг ил гаргаж ирсэн. Тухайн үед олон улсын байгууллага уулзалт болгон дээр ярьж байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль өгөөжтэй хууль болсон.

-Найман жилийн дотор дахин саарал жагсаалтад орно гэдэг бол эмзэглүүштэй зүйл биш үү?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд банкнуудын активтай холбоотой зүйл байхгүй. Ер нь “ФАТФ”-ын вэйб сайтад бүх зүйл байгаа. ОУВС-ын хөтөлбөрт орох асуудал 2015 оноос яригдаж эхэлсэн. Тухайн үед хөтөлбөрт орохгүйгээр сонгуульд хүрсэн. Сонгуулийн дараа Засгийн газар хөтөлбөрт ороод явсан. Хөтөлбөрийн хүрээнд манай засаг үүрэг хүлээсэн байгаа.Тэр үүргээ маш их учир дутагдалтай биелүүлж байгаа. Үүнийг ОУВС-гийн зүгээс мэдэгдэж байгаа. Олон улсын байгууллага ч мэдэгдэж байсан. Саарал жагсаалтаас яаж гаргах вэ гэдгээ ярих хэрэгтэй.

ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДӨӨ УЛС ТӨРЖҮҮЛЖ БАЙНА

-Саарал жагсаалтаас гаргах дөрвөн зөвлөмж ирсэн байгаа. Энэ дөрвөн зөвлөмжийг харахаар хариуцлага тооц гэсэн асуудлууд байсан. Одоогийн байдлаар Монголбанк болон Сангийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцоод намжих хандлагатай байна?

-Хоёр хүнд хариуцлага тооцож байгаа. Шулуухан хэлэхэд Саарал жагсаалтад орсон хариуцлагыг өнөөгийн эрх баригчид хүлээх ёстой. Энэ хүмүүс засаг аваад гурван жил болчихсон. Энэ хүмүүст 2017 онд сануулга ирсэн. Сануулга ирснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бүх зүйлийг засах үүрэгтэй байсан. Хариуцлага тооцохоос илүүтэй хууль эрх зүйн орчноо зөв болго гэсэн зөвлөмж байгаа. Үүнийг хийхэд саад болоод байгаа зүйл өнөөдөр байхгүй. Монгол Улс дөрвөн асуудлыг шийдэж болохгүй зүйл байхгүй. Хариуцлага алдсан байдлаас болсон байх магадлалтай. Гэхдээ энэ Саарал жагсаалтаас гаргах боломж байгаа. Иймээс улс төржихгүйгээр Саарал жагсаалтаас гарч болох бүх зүйлээ хийх хэрэгтэй.

-ФАТФ”-ын тухай зөрөөтэй зүйл яваад байна. Саарал жагсаалтад орсны маргааш ам. долларын ханш нэмэгдсэн. Ам.доллар өсөхөөр бүх юмны үнэ өсч байгаа. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад ямар эрсдэл үүсэх вэ?

-Өнөө энэ нөхцөл байдал дээр маш их улс төржиж байна. Эрх баригчид өөрсдөө улс төржүүлж байна. Өөрсдөө Саарал жагсаалтад орсноо зарлаж эхэлсэн. 2011 онд саарал жагсаалтад ороод 2014 онд гарсныг ард түмэн мэдээгүй. Тухайн үеийн засаг түргэн гаргах бололцоог хайж 2014 оны сүүлчээр Саарал жагсаалтаас гарсан. Харин одоо асар их хүлээлт үүсгэчихсэн. Хар жагсаалтад орохоор гардаг үр дагаврыг нэлээд ярилаа. Энэ хэмжээгээр зах зээлд тодорхой хэмжээний донсолгоо гаргасан байх. 2016 оны долдугаар сард ам.доллар 1960 байсан. Дөрвөн сарын дотор 700 төгрөгөөр өссөн. Улс төрийн мэдэгдлээс болж ам.долларыг өсгөж байна. Өнгөрсөн жилийн өдийд ам.долларыг өсгөсөн. Энэ жил ахиад өслөө. Энэ өөрөө иргэдэд хүнд тусч байна.Саарал жагсаалтаас ойрхон хугацаанд гарах боломжтой. 2011 онд арай өөр нөхцөлтэй байсан.

-Ирэх оноос эдийн засгийн сайнгүй байдал руу орно гэж судлаач яриад байгаа?

-Энэ асуудлыг яаж давах вэ гэдэг зөв бодлого байх хэрэгтэй. Монгол Улс тийм бүрэн боломжтой. Эдийн засгийг солонгоруулах ажлыг нэлээд сайн хэрэгжүүлээд явж байсан. Газар тариалан аялал жуучлал, мал аж ахуй гээд явдаг. Энэ чиглэл рүү түлхүү явах ёстой. Мөн хувийн хэвшлээ дэмжих асуудал руу орох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нэмснээр хувийн хэвшлийн эдийн засгийг эргээд далд байдал руу оруулж байна. Хувийн хэвшил цалингаа буулгаад эхэлнэ.

-Манай эдийн засгийг гэрэл гэгээтэй байдлаар яаж харж байна вэ?

-Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэсэн бол зах зээлийн эдийн засгаа сонгодог утгаар хөгжүүлэх ёстой. Манай хоёр том зах зээл хоёр талд байгаа нөхцөл байдлыг ашиглаад зах зээлийн эдийн засаг гэдгийг сонгодог утгаар хөгжүүлж, хувийн хэвшлийн эдийн засаг дээр тогтсон эдийн засаг руу орох ёстой. Өнөөдөр Монгол Улс гурван сая хүнтэй мөртлөө бараг 200 мянган төрийн алба хаагчтай гэж ярьж байна. Энэ 200 мянган хүн улс төрөөс шалтгаалж амьдраад байна. Үүнийг байхгүй болгох хэрэгтэй. Ингэхийн бол иргэд орлоготой болно. Улс хөгжинө. Одоо эрх баригчид хувийн хэвшил муу улсын юм сайн гэдэг. Энэ байдлаас гаргах хэрэгтэй.