Формула 1 уралдааний энэ улирлын 5 дахь гранпри энэ амралтын өдрүүдэд Испаний гараагаар үргэлжлэх гэж байна. Уралдаан Барселона хотын Каталуня авто тойруулгат болно.
4-р сарын 29-нд болсон Азербайжаны гранпри маш сонирхолтой үзүүштэй болж нисгэгч нарын өрсөлдөөн ойрхон болж ирсэн. Тэгвэл энэ 7 хоногт Испаний гараа болох юм. Каталуня авто тойруулгат болох уг уралдаан баасан гарагт туршилдтын гараагаар эхэлнэ. Баасан гарагт цаг агаар цэлмэг байх хэдий ч үндсэн уралдааны үеэр бороо орж болзошгүй гэсэн цаг агаарын урьдчилсэн мэдээ гарсан байна. Энэ үеэр цаг агаарын температур 20 градус хүртэл халах юм.
Анх 1991 оноос зохиогдож эхэлсэн Испаний уралдаан нь нэг тойрог 4,665 км, нийт 66 тойрог 307,104 км замд үргэлжлэх бөгөөд багууд дунд зэрэг болон зөөлөн мөн супер зөөлөн дугуйг сонгож уралддаг. Испаний уралдааны тойрог замын дээд амжилтыг Кими Райкконен эзэмшдэг бөгөөд тэрбээр 2008 онд 1 минут 21,670 секунтээр хамгийн хурдан амжилтыг үзүүлж байжээ.
Харин өнгөрсөн жилийн Испаний гарааны ялагчаар Мерседес багийн Британи нисгэгч Л.Хэмилтон тодорч байсан. Одоогийн байдлаар 4 гарааны дараачаар нисгэгчдийн ДАШТ-ийг Льюис Хэмилтон 70 оноогоор тэргүүлж байна. Харин түүний араас Феррари багийн Веттель 66 оноотойгоор 2-р байранд бичигдэж байгаа юм.