Алтан гадас одонгоор Ургамал, газар тариалангийн хүрээлэнг шагнав
11 сарын 22, 2019

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Атар газар эзэмшсэний 60 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын байгаль, цаг уурын онцлогт тохирсон, хөдөө аж ахуйн таримлын арвин ургацтай сорт бий болгох, шалгаруулах ажлыг эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн өндөр түвшинд явуулж, хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулах арга замыг боловсруулах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Алтан гадас одонг тус байгууллагын туганд зүүн өгч, баяр хүргэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрдэмтэд, судлаачид аа,

Тариаланчид аа,

Монголчууд Атар газрыг шинжлэх ухааны үндэстэйгээр, өргөнөөр эзэмшиж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан газар тариаланд шинжлэх ухаанч арга барилыг нэвтрүүлэх, Монгол орны нөхцөлд тохирсон тариалалтын арга зүйг боловсруулах, шинэ сорт гаргах үйлсэд олон жил амжилттайгаар ажиллаж, олон зуун эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг төрүүлсэн Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнаж байна.

Тус хүрээлэн анх 1948 онд “Хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станц” нэрээр Бургалтайд эх үүсвэр нь тавигдсанаас хойш тариалангийн ургамлуудыг Монголын хөрс, цаг уурын нөхцөлд хэрхэн тарих, арчлах ургуулах арга зүйг судлан амьдралд нэвтрүүлж ирсэн юм. Монгол Улсын хэмжээнд тариалагдаж байгаа үр тарианы 30 хувь, төмсний 80 хувь, хүнсний ногооны 80 хувь, жимс жимсгэнийн 70 хувь нь тус хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын ажлын үр дүнд үүссэн, нутагшуулсан сорт, тэдний боловсруулсан арга зүйгээр тариалсан ажээ.

Ургамал, газар тариалангийн хүрээлэн орчин үеийн шаардлагад нийцүүлэн үр тариа, төмс хүнсний ногооны шинэ сортын үр үйлдвэрлэх, туршилт судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиг үүрэгтэй улаан буудайн үр үйлдвэрлэлийн “Гарааны Дархан-Элит”, төмсний үр үйлдвэрлэлийн “Гарааны бичил булцуу”, био бордооны “Гарааны Био-Ундарга“ компаниудыг байгуулан ажиллуулж байгаа. Цаашид ч хүнс, тэжээлийн таримлын үр үйлдвэрлэлийн чиглэлээр гарааны компаниудыг байгуулахаар зорин ажиллаж байгаад нь баяртай байна.

Монголын тариаланчид дотоодын буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 50 хувь хангаж байгаа үзүүлэлтийг цаашид улам ахиулж, хүнснийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг болох үйлсэд Та бүхний судалгаа, шинжилгээ чухал үүрэгтэй бөгөөд энэ үүргээ гүнээ ухамсарлаж, хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүнс хангалттай, хүнс эрүүл, хүнс аюулгүй бол иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрахын баталгаа байдаг. Та бүхэнд ажлын амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баярлалаа” гэв.