Нийслэлд тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй хүн амын эрүүл мэндтэй холбоотой. Тэр дундаа эмнэлгүүд ачаалал ихтэй байна гэх гомдол тасардаггүй. Хотжилт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болохоор төрөх эмнэлэг зайлшгүй нэмж барих шаардлагатай гэж арваад жилийн өмнөөс ярьж Хан-Уул дүүрэгт дөрөвдүгээр төрөх эмнэлэг барих ажлыг эхлүүлж байлаа. Гэтэл уг эмнэлэг өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа. Харин саяхан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Барилгын гүйцэтгэгчээр “Томо бьюлдинг” ХХК ажиллаж байгаа, ирэх онд ашиглалтад өгнө” хэмээн ярьсан юм. Барилгын гүйцэтгэлийн явц ямар шатанд яваа, эмнэлэг хэзээ ашиглалтад орох талаар “Томо бьюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяртай ярилцлаа.
-Хан-Уул дүүрэгт дөрөвдүгээр төрөх эмнэлэг барина гэж
яриад бараг арван жил болж байна. Барилгын ажил уг нь эхэлсэн хэдий ч сүүлийн
хэдэн жил царцанги байдалтай харагдаж байгаа. Энэ олон жил болоход яагаад одоог
хүртэл ашиглалтад орохгүй байна вэ?
-Төрөх эмнэлэг барих шийдвэр анх 2009 онд гарсан байдаг. Шийдвэр
гарсантай холбоотойгоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад гүйцэтгэгчээр нь
“Пума констракшн” ХХК, “Нийслэл өргөө” ХХК компаниуд консерциум болж ажиллана
гэж сонгогдсон. Улмаар тухайн барилгын каркасын ажлыг эхлүүлээд явж байсан юм
билээ. Анхны төсөвлөж байсан нь 19 тэрбум төгрөг. Барилгын ажлын явцад
гүйцэтгэгчийн зүгээс санхүүжилт дутах нь, нэмэлт хөрөнгө суулгаад нийт төсвийг
нь 25 тэрбум төгрөгөөр ахиулах шаардлагатай гэсэн хүсэлтээ холбогдох
байгууллагуудад өгсөн. Холбогдох байгууллагууд үүнд хяналт тавьж үзээд захирлыг
нь мөнгө завшсан гэх шалтгаанаар шүүхэд өгч, гүйцэтгэгч компанитай гэрээгээ
цуцалснаар барилгын ажил зогссон байдалтай болсон. Улмаар 2013 онд тухайн үеийн
засгийн газрын шийдвэрээр тус төслийг концессын гэрээгээр дуусгах шийдвэр
гарсан. Ингэж явсаар байгаад Үндэсний хөгжлийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран
өнгөрсөн жил дахиад сонгон шалгаруулалтыг зарлаж, манай компани тус ажлын
гүйцэтгэгчээр шалгараад, гэрээний дагуу ажлаа гүйцэтгээд явж байна.
-Танайх гүйцэтгэгчээр шалгарах гэрээгээ хэзээ байгуулсан
юм бэ. Одоо барилгын ажил эхэлсэн үү. Явц ямар хэмжээнд явж байна вэ?
-Бид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гэрээгээ байгуулж
долдугаар сард гэрээ хүчин төгөлдөр болсон эрхээ баталгаажуулсан байгаа.
Инэгээд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам, захиалагчийн хяналт хийж ажиллах
Барилгын хөгжлийн төвтэй хамтарч барилгаа хүлээлцсэн байгаа. Тухайн үед каркас
бүрэн боссон, дүүргэлтийн ажил 60 хувьд хүрсэн байлаа. Мэдээж барилгаа хүлээж
аваад ажил шууд эхэлчихээгүй. Барилгын ажлыг дахин эхлүүлэх зөвшөөрөл болон холбогдох
бичиг баримтыг дахин шинээр бүрдүүлэх гэсээр есдүгээр сард зохих зөвшөөрөлтэй болсон
хойноо ажлаа эхлүүлсэн. Намрын сэрүүнд цаг хугацаа давчуу байсан ч гэлээ хүйт
орохоос өмнө ажлаа шуурхай эхлүүлж дүүргэлтийн ажлыг бүрэн дуусгасан. Мөн
барилгын цонхыг үйлдвэрийн захиалгад оруулж бүрэн үйлдвэрлэж дуусгасан. Огт
цутгагдаж эхлээгүй байсан жижиг барилгын блокын цутгалтыг хийж дуусгалаа. Энэ
жилийн тухайд бид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн барилгын ажлаа
эхлүүлээд явж байна.
-Нэгэнт барилгын ажил эхэлсэн юм чинь одоо дахиад
царцахгүй байх. Ер нь хэдийд ашиглалтад өгөх вэ. Салбарын сайдын ярьж буйгаар
ирэх онд ашиглалтад орно гэсэн. Тэр хугацаанд амжих болов уу?
-Төлөвлөгөө ёсоор бид гэрээ байгуулсан цагаас хойш 28
сарын дараа буюу 2018 оны 8 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгөх ёстой. Гэхдээ
манай компанийн зүгээс хүүхдийн төрөх эмнэлэг гэх маш гэгээлэг энэ төслийн
ажлыг хүлээж авсаны хувьд маш их хариуцлагатай ажиллах зарчимыг өмнөө тавиад
байгаа. Монгол улсын маань тулгамдсан асуудлуудын нэг болсон дээрх эмнэлэгийн
барилга нь уг нь 2009 онд энэ ажлыг эхлүүлснээс хойш ямар нэгэн байдлаар
удааширч, саатаагүй байсан бол өдийд аль хэдийнэ ашиглалтад орчихсон байх
ёстой. Бүр тэнд төрсөн хүүхдүүд өдийд дөрөвдүгээр ангийн сурагч болчихсон явах
байлаа. Дөрөвдүгээр төрөх эмнэлэг нь дотроо 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн
эмнэлэгтэй байна. Өнөөдөр манай улсад амаржих газар, хүүхдийн эмнэлэг хоёр маш
их ачаалалтай байдаг. Сая өнгөрсөн өвөл гэхэд хүүхдийн эмнэлгүүд ямар хэмжээнд
ажиллав. Хүүхдүүдээ багтааж чадахгүй хонгилд хэвтүүлж байх жишээтэй. Тиймээс
бид энэ байдлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд, нэг ч гэсэн хүүхдийг тохьтой,
тухтай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээсэй гэдэг үүднээс ажлаа шуурхайлж байгаа.
Хэдийгээр гэрээний дагуу ирэх оны наймдугаар сард эмнэлэг ашиглалтад орох
төлөвлөгөөтэй ч гэлээ бид өөрсдийн боломж бололцоогоо шавхан хугацаанаас нь
өмнө ашиглалтад өгөхийг зорьж байна.
-Хугацаанаас өмнө гэхээр хэзээ гэсэн үг вэ?
-Ирэх оны эхний улиралдаа багтаан ашиглалтад оруулчихмаар байна. Гэхдээ янз
бүрийн бэрхшээл гарахгүй бол шүү дээ.
-Янз бүрийн бэрхшээл гэхээр юу байж болох вэ. Барилгын
ажил удааширдаг гол шалтгаан санхүүжилттэй холбоотой байдаг. Танай компанийн
хувьд концессын гэрээгээр барьж буй болохоор санхүүжилтээ өөрсдөө шийднэ гэсэн
үг биз дээ?
-Санхүүжилтийн асуудлаа бид бүрэн шийдсэн байгаа. Яахав
асуудлууд бий. Тухайлбал, уг барилгын зургийг 2010 онд баталсан. Гэтэл түүнээс
хойш хэчнээн жил өнгөрөв. Одоо үед өөрчлөлт хийж сайжруулахаас өөр аргагүй. Бид
ч бас орчин үеийн, олон улсын жишигт нийцсэн барилга барихыг хичээж байна.
Тиймээс өөрчлөлт гарна. Энэ бүхнийг захиалагч талтайгаа хамтран дор бүр нь
шийдээд явах боломжтой гэж харж байгаа. Мөн дэд бүтцийн асуудал дээр ч гэсэн шийдэх
зүйлүүд бий.
-Дэд бүтэц гэснээс цахилгааны асуудлаа хэрхэн шийдэж
байгаа вэ. Анх төлөвлөж байхдаа шинэ Яармаг дэд станцаас авна гэж байсан
санагдаж байна?
-Анх төлөвлөж байснаар бол тийм. Гэвч шинэ Яармаг дэд
станц маань өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Хэзээ орох нь ч
тодорхойгүй хүлээгдэж байна. Мөн дулааны шугам сүлжээний хувьд ч гэсэн зарим
нэг асуудал бий. Одоогоор холбогдох байгууллагуудад албан хүсэлтүүдээ өгсөн. Эмнэлэгийн
барилга маань өөрөө онцгой обьект болохоор энэ мэтчилэн шийдэх
нарийн асуудлууд байдаг. Эдгээр асуудлыг төр засгийнхан маань ойлгож байгаа
байх. Шийдэж өгнө ч гэж найдаж байна.
А.ДЭЛГЭР