Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх, хувь эзэмшдэг хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд нь татварын байгууллагад тайлан, мэдээг үнэн зөв мэдүүлсэн эсэх, ХОМ-т мэдүүлсэн орлогууд нь татварын байгууллагад гаргаж өгсөн тайлан, мэдээтэй нийцэж байгаа, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэхийг нягтлан шалгуулахаар Татварын ерөнхий газар, нийслэл, дүүргийн татварын хэлтэстэй хамтран ажилласнаар нэр бүхий 9 мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн татварын хэлтсийн иж бүрэн хяналт шалгалт явуулж компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтыг хянан шалгасан байна.
Шалгалтаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт тэрбум 133 сая 194 мянга 100 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагад 71 сая 43 мянга 400 төгрөгийн шийтгэлийн хуудсаар татварын улсын байцаагчийн зүгээс төлбөр ногдуулжээ.
Мөн уг хяналт шалгалтаар орлого, хөрөнгөө худал мэдүүлсэн 3 мэдүүлэг гаргагчид Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичгийг хүргүүлж, биелэлтийг ханган ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газар цаашид албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлсэн орлого нь үнэн бодит эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, орлого олсон бол тайлангаа хуулийн хугацаанд үнэн зөв тодорхойлон төлөх үүргийн хэрэгжилтийг хангуулах, цаашид хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх, татвараас зайлсхийсэн зөрчилд хариуцлага тооцуулах чиглэлээр татварын албадтай хамтран ажиллах болно.