УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдахаар товлосон байна.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
Мөн энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэн батална. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчдад ирүүлсэн байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тиймээс энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн батална.