Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох Зөрчлийн хэргийг зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Зөрчилд холбогдогч Э.Бат-Үүл нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн “Эрдэнийн Бат-Үүл” нэртэй твиттер хуудсанд сэтгэгдэл оруулж, З.Энхболдын нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан буюу Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гүтгэх” зөрчилд холбогджээ.
Э.Бат-Үүлийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /6.21. Гүтгэх, 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Эрдэнийн Бат-Үүлийг 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Дээрх хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлээс “...шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах...” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлууллаа.