Даваа гарагийн өглөө Флойд Мэйведер болон түүний найзуудын сууж явсан машин руу зэвсэглэсэн этгээдүүд халдсан байна. Тэд Даваа гарагийн 03:00 цагийн үед шөнийн клубээс зочид буудал руугаа буцаж явах үед хажуугаар нь зөрж өнгөрсөн машин гал нээсэн ажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр тус этгээдүүд санамсаргүй байдлаар Флойд Мэйведерийн машин руу гал нээгээгүй бөгөөд түүнийг зочид буудлынх нь гадаа хүлээж байсан гэнэ. Гал нээхийн өмнө талуудын хооронд ямар нэг маргаан үүсээгүй бөгөөд хувийн өс хонзонгийн сэдэлтэй халдлага байз болзошгүй гэж үзэж байгаа юм.
Тус халдлагын үеэр Мэйведерийн бие хамгаалагч Грэгори ЛэРоза хөлөндөө сумны шарх авсан аж. Улмаар Атланта хотын Грэди эмнэлэгт хүргэгдсэн байна. Флойд Мэйведерийн хувьд өнгөрсөн оны 8 дугаар сард Конор МкГрэгортой тулалдсанаас хойш нам гүм амьдарч байсан билээ.