Угаарын хий мэдрэгчийн талаар ярьсаар байтал хүний амь нас эрсдэв. Хотын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр энэ сарын 10 гэхэд 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд суурилуулна. Заавар зөвлөмж өгч байна, өгнө гэж ярьсаар оны эхний сар талдаа оров.
Ажил ам хоёр нь ийнхүү зөрж байхтай зэрэгцэн эрдэнэт хүний амь нас хохирсон тохиолдол гарчээ.
Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийх үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрсөн шөнө Сонгино хайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарлаа. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.” гэжээ.
Мөн түүний хэлснээр угаартсан иргэд өрхөө бүтээж, яндангаа салгасан байсан учраас өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн гэнэ.