Хүүхдийн сумо бөхийн “Хакүхо цом”олон улсын тэмцээн удахгүй болно
1 сарын 17, 2020

Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын санаачлан, зохион явуулдаг Хүүхдийн сумогийн олон улсын тэмцээн 2-сарын 2-нд болж, арван жилийн ой удахгүй тохиох гэж байна. Анхны тэмцээн нь Их аварга японд анх хөл тавьсан Осака хотын Сакай дүүргийн Сумогийн ордноос гараагаа эхэлжээ. Түүнээс хойш тэмцээн жил бүрийн 2-р сард явагддаг уламжлал тогтож, өнгөрсөн оны тэмцээнд бага, дунд сургуулийн насны 1200-аад хүүхэд нэг өдөр цуглан, барилдсан үзүүлэлтээрээ олон улсын Геннесийн бүртгэлд албан ёсоор тэмдэглэгдсэн онцгой түүхтэй. Энэхүү тэмцээнд оролцогч хүүхдийн тоо жил бүр өсч, хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг тэмцээн болжээ. Энэ удаа 2-р сарын 2-нд Токио хотын Рёогокү Сумогийн төв өргөөнд зохион явагдах бөгөөдАмерик, Орос, Бразил, Солонгос, Монгол, Япон зэрэг баг бүхий 14 улсын бяцхан сумочид барилдахаар албан ёсоор бүртгүүлжээ. “Хакүхо цом”-ын тэмцээнд барилдаж байсан одоо сумогийн Макүүчи зиндааны Оонушёо, Сумогийн 48 дэх их аварга Тайхо агсаны хоёр ач, Монгол сумоч Рога А.Амарсанаа, Дэванорюү Т.Тэмүүлэн зэрэг олон хүүхэд өнөөдөр мэргэжлийн сумод зодоглож байна. Мөн сонирхочдын сумогоор Токио хотын Тоёо Их сургуульд Б.Одхүү, Тоттори мужын Жохокү Ахлах сургуульд Алтангэрэл, Сосорхүү, Канагава мужын Асакигаока сургуульд Б.Мөнхжаргал, Б.Очирсайхан, Кибоүгаока сургуулийн Ц. Билгүүн Н.Лхагвасүрэн Л.Мянганбаяр нар суралцан хичээллэж, дотоод, гадаад олон улсын тэмцээнд амжилттай барилдаж байна. Олон улсын “Хакүхо цом”-ын барилдаанд Их аварга Хакүхо өөрийн биеэр оролцож, мэргэжлийн сумогоор барилдаж буй цолтой бөхчүүд тэмцээний хөлийн цэц шүүгч хийдэг онцлогтой билээ. Барилдааныг газар дээрээс нь “You Tube Japan” шууд нэвтрүүлдэг юм.

В.ДАВАА