АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Өндөр хөгжсөн оронд казино нь аялал жуучлалд чиглэсэн байдаг
1 сарын 20, 2020

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар багтсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан гишүүд казинод орсон тухай зурагтай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийлээ.

-УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казинод орсон гэх асуудлаар шуугиан гарч байна. Би Сиднейд анх удаагаа очиж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-нд аялал хийсэн. Аялал жуучлалын төвөөр явж байхдаа казиногоор ороод гарсан. Харийн оронд бид нэг монголчууд. Казиногоор орсноо зөвтгөх шалтгаан байхгүй. Харийн оронд явж байхдаа бие биенээ халамжилж явдаг. Тэр үедээ шуугиан тарина гэж бодоогүй. Хэвлэл мэдээллийнхэн ч үүн дээр анхаарал татаж байгаа нь зөв. Шуугиан тарих эрх нь нээлттэй байгаа. Энэ шуугианыг далимдуулж улстөржөөд, нэр хүндийг нь унагааж болохгүй.

-Та зурган дээр байгаа хүн мөн үү?

-Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан. Би мөн.

-Яагаад казинод орсон бэ?

-Хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Ороод, сонирхоод гаръя гэж бодсон.

-Казиногийн хуулийг УИХ хэлэлцэх үү?

-Казиногийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Өндөр хөгжсөн оронд казино нь аялал жуучлалд чиглэсэн байдаг. Тиймээс бид орж үзэх шаардлагатай гэж бодсон.

-Мөрийтэй тоглосон уу?

-Ямар ч гишүүн мөрийтэй тоглоом тоглоогүй.

-Хэдүүлээ орсон бэ?

-Дөрвүүлээ орсон. Цаг гаруй явсан.

-Та казинод тоглож байсан уу?

-Залуу байхдаа бусад орны казинод орж байсан. Д.Лүндээжанцан гишүүн явсан. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх уу дээ.