Дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болголоо
1 сарын 22, 2020

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв. Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2016 онд:

- 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга

- 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга

- 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ. Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭВ

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна. Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.

Товч мэдээ:

- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан. Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав. Махны экспортыг нэмэх, нөөцийн мах бэлтгэх, аймаг, сумдад байгуулах арьс, шир, түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн тоог нэмэх, төсөл хэрэгжүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэхийг сайд Ч.Улаанд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгох талаар судалж шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.

- Монгол Улсын 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулах болон аймаг, нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлав. Худалдан авах ажиллагааг /tender.gov.mn/ цахим системээр зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүн, гэрээг тухай бүр цахим системд нийтэлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч, Төрийн худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов.

- “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг сайд, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт даалгав. 21 аймагт инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээ болон 12 аймагт түрээсийн орон сууц барихад шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Улаанбаатар хотын гэр хороололд инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барихад шаардлагатай эхний ээлжийн санхүүжилтийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаас гаргах талаар Хятадын талтай тохиролцохоор болов.

- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хэлэлцээр батлагдсанаар БНЧУ-д ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа олон жилээр тасардаг, ирээдүйд тэтгэвэр авах эрхгүй болох, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг нь үгүй болох юм. 2019 оны байдлаар Монгол Улсын 8813 иргэн БНЧУ-д амьдарч байна.

- Иргэний аюулгүй байдлын салбарт Бүгд Найрамдах Франц Улстай хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирохоор болов. Энэ нь гамшгаас хамгаалах салбарт хамтрах чиглэл, цар хүрээг өргөтгөх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалт зохион байгуулах, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.

- Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцоно. Монгол Улсын павилонд түүх, соёл, эдийн засаг, бизнесийн орчин, аялал жуулчлал, Төв Азийн хурдны зам, загвар, үзмэр, видео танилцуулга зэргийг түлхүү байршуулахаар төлөвлөжээ. 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 2021 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд “Мэдлэгийг холбох, ирээдүйг бүтээн байгуулах” сэдвийн дор болох энэ үзэсгэлэнд 192 орон оролцохоо илэрхийлээд байна.

- Түүх, соёлын дурсгал, тусгаар тогтнолын баримт нотолгоо болсон эртний газрын зургийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, түүхэн газрын зургийн гурван боть ном хэвлэн олон нийтэд сурталчилан таниулахаар болов. Газрын харилцааны салбарын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, ноорог байдаг. Төв номын сан, Үндэсний төв архив, орон нутгийн музей зэрэгт XVIII-XX зууны эхэн үед хамаарах 800 гаруй газрын зураг хадгалагдаж байна.