Коронавирусийн талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх 8008-6829 дугаарын утас ажиллаж байна
1 сарын 24, 2020

2020.01.24-ний өдрийн 08:00 цагийн байдлаар:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр дэлхий дахинд шинэ Коронавирусийн халдвараар 582 хүн өвчилж, 17 хүн нас барсан (нас баралтын түвшин 2.9%), 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байна. 1%-ийг 15-аас доош, 27%-ийг 16-39, 72%-ийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна.

2020 оны 1 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагийн 12-15.10 цагийн (Женевийн цагаар) ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, шинэ коронавируст халдварын 4 дахь давалгаа явж байгаа бөгөөд халдвар дамжих индекс нь (R0) =1.4-2.5 байна. Уг өвчнийг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарлаагүй болно.
Эрүүл мэндийн салбараас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

Тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр:

  1. Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг 2 дахь удаагаа үнэлж, шинэ коронавирусийн халдварын эрсдэлийн зэрэглэл “Дунд” гэж дүгнэлээ.
  2. Улсын хэмжээнд томуу болон амьсгалын замын халдварын тандалт, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагаа идэвхжлийн зэрэгт шилжин ажиллаж байна.
  3. Эрүүл мэндийн сайдын 19 тоот албан даалгавраар бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг үүрэгжүүлэн ажиллаж байна.
  4. БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймгийн Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.
  5. ДЭМБ-ын албан мэдээ болон албан бус мэдээллийг 2 цаг тутамд шүүж, шуурхай мэдээлэл солилцон хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
  6. Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлж, мэдээлэл солилцон ажиллаж байна.
  7. Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны гишүүдэд танилцуулга хийж, өвчний нөхцөл байдлыг танилцууллаа.

Эрсдэлийн харилцаа, холбооны чиглэлээр:

  1. Шинэ Коронавируст халдварын талаар ДЭМБ-тай хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, 30 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага оролцлоо
  2. Өдөр бүрийн 11 цагт ЭМЯ, ДЭМБ хамтран цаг үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн нэгдсэн мэдээлэл өгч байна.
  3. ХӨСҮТ-д мэдээлэл, зөвлөгөө өгөх 24 цагаар 8008-6829 дугаарын утас ажиллаж байна. 1 дүгээр сарын 22-23-ны хооронд 9 - 18 цагийн байдлаар нийт 26 хүн холбогдож, Коронавируст халдварын талаар мэдээлэл авсан.
  4. 10 төрлийн цуврал сэрэмжлүүлгийг хийж, хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явуулж байна.

Лабораторийн чиглэлээр:

  1. ДЭМБ-аас улс орнуудын лабораторийн чадавхийг үнэлж байна.
  2. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторит томуугийн болон амьсгалын замын халдварын 20 гаруй үүсгэгчийг илрүүлэх эхний 100 сорьцыг шинжлэх боломжтой.
  3. Шинэ Коронавируст халдварын оношлуурын талаар судалгаа хийгдэж байна.

Эмнэлгийн тусламжийн чиглэлээр:

  1. ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ-тэй хамтарсан цахим хурал хийж, амьсгалын замын хүнд халдварын үеийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын халдвар, хяналтын талаар Аймаг, Нийслэлийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүдэд хичээл зааж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
  2. Эмнэлзүйн зөвлөгөө өгөх зөвлөх багийг томилон ажиллуулж байна.
  3. ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
  4. 1 дүгээр сарын 23-нд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв, яаралтай тусламжийн төвийн 150 гаруй эмчид сургалт хийсэн. Өнөөдөр сургалт үргэлжилнэ.

Хилийн нэвтрэх цэгийн хяналт:

  • 2020 оны 1 сарын 23-ны өдөр Эрээн-Улаанбаатарын чиглэлийн автобусанд 6 настай, эмэгтэй, Өвөр Монгол хүүхэд Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод халуунтай орж ирсэн. Хүүхдийг түр тусгаарлаж, сорьц авч, хүүхдийг ээжийн хамт Хөх хот руу буцаах арга хэмжээ авсан. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилнэ. Автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүд зочид буудалд түр байрлуулсан.
  • 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1650 цагийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн 1 зорчигч (БНХАУ-ын иргэн, 23 настай, эмэгтэй)-ийг ХӨСҮТ-д түр тусгаарласан. Лабораторийн шинжилгээ хийгдэж байна.