Титэм вирусийн улмаас нас барсан тохиолдлууд одоогоор зөвхөн БНХАУ-д бүртгэгдээд байна
1 сарын 27, 2020

Титэм вирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020.01.27-ны 10.00 цагийн байдлаар ДЭМБ-ын мэдээлж байгаагаар титэм вирусээр өвчилсөн хүний тоо 2797, нас барсан хүний тоо 80-д хүрсэн байна. Үүнээс БНХАУ-д 2761 тохиолдол, хилийн чанад болон бусад 85 оронд титэм вирусийн халдвар бүртгэгдсэн. Харин нас баралт одоогоор зөвхөн БНХАУ-д бүртгэгдээд байна.

БНХАУ-ын эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар 461 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол бүрэн эдгэрсэн 49 тохиолдол байна.

БНАХУ-ын 30 мужид болон Макао, Сингапур, Франц, Канад, Малайз гэсэн 14 оронд халдварын тохиолдол бүртгэгдсэн сэжигтэй гэж үзэж буй 9 орон байна.

Харин Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Шадар сайдын журмын дагуу хийсэн үнэлгээгээр манай орны эрсдэлийн зэрэг дундаас өндөрт шилжсэн" гэлээ.