Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй
1 сарын 28, 2020

ЭМЯ-наас коронавирустэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Япон улсаас ирсэн оношлуурыг ХӨСҮТ дээр ашиглана. Нэг сорьцод нэг оношлуур ашиглах бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дотор гарах аж. Одоогийн байдлаар 200 ширхэг оношлуур хүлээн аваад байгаа ба оношлуур тасрахгүй байх тал дээр ажиллаж байгаа. Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүмүүсийн шинжилгээний хариуг гарах үед нь мэдээллийг шуурхай өгч ажиллана гэв. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна гэлээ.