Хэнтий аймагт өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өглөө 14 настай Н өндөр халуурсан байдалтай Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад өдрийн 16 цагийн үед нас нөгчсөн золгүй явдал гарсан. Талийгаачийг коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэх хардлага үүссэн учраас сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв руу явуулсан. Сорьцын хариу 72 цагийн дараа гарна гэдгийг албаны эх сурвалж мэдэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг, талийгаач Н-ийн амьдарч байсан орон сууц барилгын ойр орчимд, хоёрдугаар хавьталт байж болзошгүй хүмүүст хөл хорио тогтоож аймгийн хэмжээнд нийтдээ таван газар хөл хорио тогтоогоод байна. Мөн аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас 34 албан хаагч, 16 автомашинтайгаар хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байгааг ОБГ-ын дарга дэд хурандаа Н.Чанцал мэдэгдлээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосонтой холбоотойгоор урсгал чиглэлүүдийг өөрчилж, байнгын постууд ажиллуулж, орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж талийгаачийн онош тодортол үйл ажиллагаа явуулж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлгөөнийг 72 цагийн дотор гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гаднаас зөвхөн эргэлт оруулж байгаа аж.
Түүнчлэн Чингис хотын хэмжээнд хорио тогтоосон газруудынхаа зураглалыг үйлдэж, бүх сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт чиглэл өгч, багш нарыг утсаар тандалт судалгаа хийлгэх, сумдын дарга нартай онлайн хурал зохион байгуулж, томуу томуу төст өвчний мэдээлэл нэгтгэх, чиглэлээр өнөөдөр дахин хуралдаж байна.