Эрүүл мэндийн яамнаас титэм вирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ.
Дэлхий дахинд:
БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр титэм вирусээр халдварласан хүний тоо 5974, нас барсан хүний тоо 142, сэжигтэй тохиолдлын тоо 9000-д хүрчээ. Дэлхийн бусад 16 оронд 56 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бол 976 хүн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж, 103 хүн бүрэн эдгэрсэн байна.
Монголд:
Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна. Тандалтын дөрөвдүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын замын өвчлөл 14.2 хувийг эзэлж байна.
ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарласан. Тусгаарласан иргэдийн биеийн байдал сайн байгаа. БНХАУ-аас халуурсан шинжтэй хилээр нэвтэрсэн 19 зорчигчийг ХӨСҮТ-д шинжлүүлснээс 14 хүний онош одоогоор үгүйсгэгдээд байна.
2020 оны нэгдүгээр сарын 28-нд Улсын хилээр нийтдээ 1966 Монгол Улсын иргэн нэвтэрсэн. Холбогдох журмын дагуу тандалт шинжилгээг хийхэд сэжигтэй хүн илрээгүй байна.