БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нам даралтын зуух дэлбэрч нэг хүн гэмтжээ
2 сарын 3, 2020

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын тавдугаар багийн Дэнж хорооллын наймдугаар гудамжинд иргэн Э-ийн нам даралтын зуух дэлбэрсэн тухай дуудлага энэ сарын 2-ны өдөр бүртгэгджээ. Тухайн өдөр Онцгой байдлын газрын зургаан аврагч, хоёр автомашинтай 1.2 км замыг туулан 00:37 цагт очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрснээс 27 настай эрэгтэй Б нь толгой хэсгээрээ түлэгдсэн байдалтай байсныг ар гэрийнхнийх нь хамт эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн Зээг гэдэг газар тус сумын харьяат малчин 37 настай эмэгтэй А нь нэгдүгээр сарын 31-ны өдрийн 17:00 цагийн орчимд малдаа суудлын авто машинтай яваад сураггүй болсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус сумын 27 хүн, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 1-ний өдрийн 09:30 цагт гэрээс нь баруун урд зүгт 40 км-т төөрсөн байхад нь эсэн мэнд олсон байна.