“Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой хэргийн анхан шатны шүүх хурлын тов гарчээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 21-нд болох уг хэргийн шүүх хуралд тус ордын тусгай зөвшөөрлийг хэлэлцэхдээ авлигын хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр дараах нэр бүхий иргэдийн хэргийг хэлэлцэх юм.
Тодруулбал, хахууль авсан гэх үндэслэлээр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг буруутгаж байгаа.
Харин хахууль өгсөн гэх үндэслэлээр, Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын хэргийг хэлэлцэх юм байна.