Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ
2 сарын 12, 2020

Кёкүшюүзан Д.Батбаяр түүний гэргий Т.Баясгалан нарт шүүхээс хилийн хориг тавьжээ.

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Тэд анх ахмадын сувилал, цогцолборын төсөл танилцуулан их хэмжээний газар авсан байна. Гэвч төслийнхөө дагуу бус орон сууцны хороолол барьжээ. Ингээд зогсохгүй газраа авсныхаа дараа аж ахуйн нэгжүүдээ бусдын нэр дээр шилжүүлсэн байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Прокурорын саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, хэргийг шалгаж дуустал хилээр гарах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргажээ.