Нийслэлийн агентлагуудын дарга нар "COVID-19" халдвартай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байгаа. Тэгвэл НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон нийслэлийн харьяа байгууллагуудын 20,000 мянга гаруй ажилтан алба хаагч нар хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 4,000 гаруй байршилд коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Ингээд 66,036 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажилласан ба энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байна.
Мөн нийслэлийн Засаг даргын А/166 дугаар тогтоолын дагуу нийслэлийнавто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд эрүүл мэндийн хяналтыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс гаргасан. Өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын алба орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна. Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд иргэдийн орох гарах хөдөлгөөн харьцангуй багассан. Өчигдрийн байдлаар 14,550 тээврийн хэрэгсэл постуудаар орж гарах хөдөлгөөн хийж, 49,277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагдсан" гэв.