Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа агентлаг, газрын дарга нар цаг үеийн асуудлаар /2020.03.09/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн 21 мянган ажилтан албан хаагч хоёрдугаар сарын 13-ны өдрөөс хойш 4000 гаруй маршрутын дагуу нийслэлийн иргэдэд COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажилласан.
Хөдөлгөөн нээсэн өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хот руу 54389 тээврийн хэрэгслээр 194 мянган зорчигч 24 цагийн дотор орж гарсан. 4,5,6-ны өдөр харьцангуй багасч өчигдөр /2020.03.08/ 14 мянган тээврийн хэрэгсэл орох гарах хөдөлгөөн хийсэн" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж бүх төрлийн баар, цэнгээн, амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-нийг хүртэл зогсоосон. Энэхүү захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн мэргэлжийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 945 баар, 321 сүм зэрэг нийт 5631 газарт мэдэгдэл хүргүүлж ажилласан. Иргэд , аж ахуй нэгжүүд үүргээ ухамсарлан зохион байгуулалт сайтай ажилласан. Зарим аж ахуй нэгж тогтоол шийдвэр хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан арга хэмжээ тооцлоо. Тухайлбал захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулсан таван аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Зарим баарны нэг хаалган дээр нь лац тавихад нөгөө хаалгаараа үйлчилгээ эрхэлсэн асуудал гарсан. Зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авлаа" гэв.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар "Ану", "Game Arena" зэрэг цахим тоглоомын газрууд удаа дараа захирамж зөрчилж үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ. Улмаар цахим тоглоомын газрууд болон захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бусад 70 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Зарим аж ахуй нэгжүүд захирамжийг яаж дагаж мөрдөж, хэрэгжүүлэх вэ гэж биш яаж зөрчих вэ гэдэг үүднээс хандаж байгааг анхаарууллаа.