Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
3 сарын 15, 2020

Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн 12 удаагийн дуудлагаар, 23 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр III сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас төдийлөн өөрчлөгдөөгүй хэдий ч зарим голуудад мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.