Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатарын онгоцоор франц иргэнтэй хамт ирсэн 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Энэ бол маш сайн мэдээ.
Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалтад авч ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас сорьц ирж байгаа.
Гол газраас ирсэн гээд өчигдөр 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бусад хүмүүсийг эмнэлгүүдэд хуваарилан ажиглалтад авсан" гэлээ.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын улс орнуудад хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, Чех улсад халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хааж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, түлш шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг л ажиллуулах шийдвэр гаргасныг ЭМ-ийн сайд нь мэдэгдсэн байна.
Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарлалаа.
Итали, Испани, Франц, Швейцарт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдэж, гуравдугаар сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа.
АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд мөрдөх журмыг гаргалаа. Тус журамд ирэх хоёр сарын туршид 50 болон түүнээс дээш тооны хүн оролцох аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, чухал шаардлагатай бол цахим технологийг ашиглахыг онцолсон байна. 49 муж улсад халдварын тохиолдол гарч байгаатай холбогдуулан муж улс бүр өөр өөрийн онцлогтой шийдвэрийг гаргасаар байгаа. Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул 1.1 сая хүүхэд гэртээ байх нөхцөл бүрдсэн байна. Мөн эмнэлгүүдэд яаралтай бус мэс заслуудыг цуцалж магадгүй байгааг мэдээлжээ.
Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах бүх хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд амьдарч байна.
Африк тивд Кени улсад бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахын зэрэгцээ, халдвар бүртгэгдсэн ямар ч улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан.
Катар улс тус улсыг чиглэсэн ачаа тээвэр болон транзит нислэгээс бусад бүх зорчигч тээврийн нислэгийг 14 хоногийн хугацаатай хориглолоо.
БНХАУ-д өнгөрөгч Ням гарагт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо өмнөх өдрөөс 14-өөр нэмэгдэж, нийт нас баралт 3,213 болсон байна" хэмээн хэллээ.