Нийслэлийн прокурорын газраас энэ оны I сарын 1-нээс 3 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай тус газраас мэдээллээ.
Эдгээр хэргүүдэд олны анхаарлыг татсан хэргүүдээс товч дурдвал,
- Монгол Улсын Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбалын хүнийг санаатай алсан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- УИХ-ын гишүүн, ХХААХҮ-н сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээлийг хууль бусаар олгож, бусад давуу байдал олгосон хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлжээ.