Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай мэдээллийг хийлээ.
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 164 оронд COVID-19 вирус бүртгэгдсэн байна. Эдгээр улс орнуудад тусгаарлах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж тэр дундаа гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг хүргүүлж байгаа юм.
Манай улсад шинээр гурван тохиолдол бүртгэгдсэн. Ийнхүү Монгол Улсад нийтдээ COVID-19 вирусийн дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ. Бүх хавьтлыг хяналтад авч тандалт, лабораторийн судалгаа, шинжилгээ хийгдэж байна. Ойрын хавьтлууд бүгд тусгаарлагдсан. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдол нь Улсын онцгой комиссын дагуу тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс. Эрсдэлт бүлгийн хүмүүс байсан тул зайлшгүй иргэдээ татан авах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Монгол Улсын иргэд хаанаас, хэзээ ч эх орондоо ирэх эрхтэй.
Эрсдэл өндөр бүсээс ирж байгаа учраас бүх хүнийг амны хаалттай суулгах, хоол хүнсний зүйл нислэгийн үед хэрэглэхгүй байх, хоорондоо харилцан ярилцахгүй байхыг зөвлөж мэргэжлийн эмч ажиглалт хийж биеийн байдлыг эрэмбэлэн ангилах ажлыг хийсэн. Тийм учраас харьцангуй хүн ам дунд эрсдэл багатай гэж үзэж байна. Сөүлийн нислэгээр ирсэн хоёр тохиолдол хоёулаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээд ирсэн хүмүүс байгаа. Тиймээс иргэд олон нийт яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулах эх үүсвэр болоод байна. Хаврын улиралд монгол иргэдийн дархлаа сулардаг. Иймд
Гараа угаах, маскаа зүүх
Олон нийтийн газраар явахгүй байх
Дархлаагаа дэмжиж тайван байх
Сайн унтаж амрах, сайн хоол хүнс хэрэглэхийг дахин дахин анхааруулж байна" гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Тусгаарлалтан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1330 хүн байна. Сэжигтэй гэж үзсэн 293 хүнээс онош батлагдсан дөрвөн тохиолдол байна. Өчигдөр Токио-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын нислэгээр ирсэн Иргэдийг ХӨСҮТ болон зочид буудал, амралтын газруудад хуваарилсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээнйи чиглэлээр дүүргийн эмнэлгүүдийн орны 5-10 хувийг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлтгэн эмч нарыг хувиарлан ажиллаж байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны гуравдугаар сарын 11-ны өдөр онош батлагдаж COVID-19 вирус халдварласан болох нь тогтоогдсон Франц иргэний ойрын хавьтлын 88 хүний давтан шинжилгээгээр вирус илрээгүй. Франц иргэний хавьтлуудын мэдээлэл тодорхой болж үүгээр дуусч байна. Гэхдээ тусгаарлах хугацаа дуусаагүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн энэ сарын 15-нд Баян-Өлгийд, ХӨСҮТ-д хоёр хүний хариугаар вирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдан нэг иргэний шинжилгээ хийгдэж байгаа.
Одоо тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн мэдээллийг өгье. 2020.03.16-ны өдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас ирж тусгаарлагдсан нэг хүнээс вирус илэрч монгол хүнд вирус халдварласан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Эдгээрийн ойрын хавьтлын 111 хүнийг тусгаарласан бөгөөд 61 хүнээс вирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьталд шинжилгээ хийгдэж байна. Бидэнд богино хугацаанд буюу 15-20 минутад хариу гардаг түргэвчилсэн оношлуур байгаа. Энэ оношлуураар онгоцоор зорчиж ирсэн 43 хүнээс шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Тиймээс ийм оношлуур байгаа нь ажил хөнгөвчилж байна.
Нэг гуйх зүйл байна. "Вирус илэрлээ" гэхэд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж эхэлдэг. Нэг хүнээс мэдээлэл хүлээж авчихаад мундахгүй их ажилтай байхад ээлжлээд утасдаад байх юм. Бүр утсаа унтраачих гэхээр хоорондын уялдаа холбоо тасалдаж ажил зогсох гээд байна. Тийм учраас хагас өдрийн өмнө мэдээ дамжуулах гэж утсаар холбогдож ажилд садаа болохгүй байхыг хүсье" гэлээ.