Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим улсад гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна. БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэлээ.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байна.
Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа.
Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй.
Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган, эрчимт эмчилгээ, түргэн тусламжаа хянаж байгаа. Түргэн тусламжийн дуудлага буурч байна. Ачаалал нэмэгдвэл ашиглахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргасан. Мөн зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөөд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа.
Өнөөдөр ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийнэ.
Өчигдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос цахим сургалт авсан. БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дурдвал, эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох эмчлэх чиглэлд анхаарсан байна. Өвчтөнүүдийг маш хүнд, хүнд, дунд, хөнгөн хэмээн ангилж эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хөнгөн болон дунд ангилалд багтаж байгаа өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг өглөө. Хамар залгиураас гарсан шинжилгээ хэрвээ сөрөг гарвал өтгөнд бас шинжилгээ хийж байгаагаа хэлж байна. Манай эмчилгээний тактик үндсэндээ адил байгаа" гэдгийг хэллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд COVID-19-ийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Халдвар илэрсэн зургаан иргэний дөрвийнх нь биеийн байдал тогтвортой, хоёр нь тогтвортой, хүндэвтэр байна.
Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.