Үндэсний сур харвааны нээлтийн тэмцээн боллоо
5 сарын 14, 2018

Монгол Улсын үндэсний сурын улсын мэргэн Д.Балдандоржийн нэрэмжит 2018 оны нээлтийн сур харваа өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү нээлтийн харваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харваач, спортын дэд мастер Б.Мөнхбамбар 40 сумаас 36 онож тэргүүн байр эзэлжээ. Дэд байрт улсын гоц мэргэн Л.Отгонбаяр, гуравдугаар байрт улсын мэргэн Б.Баярсайхан, дөрөвдүгээр байрт аймгийн мэргэн З.Ариунбат, тавдугаар байрт улсын даян мэргэн Б.Ёндон нар шалгарсан байна.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, Монголын Үндэсний сурын холбооны тэргүүн асан, улсын мэргэн Д.Балдандорж анагаахын шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АУДС-ийн анхны захирлаар ажиллаж байжээ. Жил бүрийн үндэсний сурын нээлтийн харвааг түүний нэрэмжит болгон зохион байгуулдаг уламжлалтай.

А.ДЭЛГЭР