Итали улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдвараар 919 хүн нас барсан нь халдвар тархаж эхэлснээс хойшх хамгийн өндөр үзүүлэлт болсныг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлэв.
Хувийн хамгаалах хэрэгслийн дутагдлаас үүдэн европ тивд байдал хүндэрч, эмнэлгийн ажилтнууд халдварлах тохиолдолд нэмэгдсэн байна. Итали улсад гэхэд эрүүл мэндийн нийт ажилтнуудынх нь 8 хувь, Испанид 16.5 хувь нь халдвар авсан гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа хэллээ.
Тэрбээр, “Испани улсад өнгөрсөн 24 цагт 769 хүн нас барсан байна. Халдвар тархаж эхэлснээс хойш тус улсад 4000 гаруй хүн нас барснаас 2000 гаруй нь Мадрид хотод бүртгэгджээ. БНХАУ-д өнөөдрөөс гадаад иргэнийг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь сүүлийн хэд хоногт тус услад бүртгэгдсэн халдварын дийлэнх нь гадаадаас ирсэн иргэнээс илэрсэн. Гэхдээ уг хоригт дипломат төлөөлөгч болон агаарын хөлгийн ажилтнуудад хамааралгүй” гэлээ.
ДЭМБ-ын захирал энэ сарын 27-нд 50 гаруй улс орны эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай цахимаар хуралдсан байна. Энэ үеэр БНХАУ-ын Ухань хот, Япон, Сингапурын төлөөлөл халдвартай тэмцэх туршлагаа хуваалцжээ. Ингэхдээ халдвартай тэмцэхэд эрт илрүүлэх, эрт тусгаарлахаас гадна ойр орчимд байсан хүнийг тандах, хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах нь зөв гэдгийг онцолсон байна. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, Монгол Улсын нөхцөл байдлыг танилцуулжээ.
Дэлхий дахинд коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан:
-Худалдаа үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчид 2 метр зайнд зогсох тэмдэглэгээ байрлуулах
-Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
-Албан байгууллага бүр гар халдваргүйжүүлэгч байрлуулах
-Аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх
-Гараас гарт үйлчлэхээс татгалзах, үйлчилгээг цахимжуулах
-Банкны АТМ, дэлгүүрийн сагс, явган болон урсдаг шат, хаалганы бариулыг өдөрт 2-3 удаа цэвэрлэж халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.