Европын холбооны улсад суугаа монгол иргэдээс Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, МИАТ ТӨХК, Монгол Улсаас ХБНГУ-д болон бусад улсад суугаа ЭСЯ-д хандан нээлттэй шаардлага, хүсэлт ирүүлжээ.
Уг шаардлага, хүсэлтэд:
"Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас үүссэн хүнд үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эмч эмнэлгийн ажилтнууд, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдууд та бүхнийг бүхий нөөц бололцоогоо шавхан, эх орноо тус аймшигт тахлаас амжилттай сэргийлэн ажиллаж буйд бид туйлаас талархаж буйгаа юуны өмнө уламжилъя.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улсын бүх иргэнээ татан авахын төлөө чадах бүхнээ дайчлан ажиллана хэмээсэн нь ажил болон албан шугамаар зорчиж яваад саатан, эдийн засгийн болон цаг хугацааны хувьд удаан хугацаагаар хүлээгдэж олон олон иргэдэд итгэл найдварын гал өдөөн захиалгат нислэг хүлээн суугаа билээ.
Тийм ээ, бүх Монгол хүн эх орон руугаа хэдийд ч очих эрхтэй, энэ онцгүй үед бүр ч илүү эрх ашгаа хамгаалан буцах боломжоор хангах үүргийг төр засгаас хангаж ажиллах ёстой хэмээн бид үзэж байна.
УОК оос 3 дугаар сарын 26-нд гаргасан мэдээлэлд „ХБНГУ-ын Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Хэдийгээр Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл байна. Тиймээс энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй.“ хэмээн мэдэгдсэн.
Гэвч харамсалтай нь бодит байдалд ХБНГУ-ын Тээврийн яам болон Берлин хотын "Тэгэл(TXL)" онгоцны буудлаас бидний олж мэдсэнээр онцгой нөхцөл байдлын үед тухайн улс иргэдээ татан авах захиалгат нислэгийг буулгахад бүрэн боломжтой болно.
Цаашлаад бидний хил гаалийн албанаас авсан мэдээллээр „Германд бусад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй журам мөрдөгдөж буй ч дээрх тохиолдолд зохих журмын дагуу аль улсын, ямар хотоос ирэх танай улсын иргэд Транзит нислэгээр МИАТ-ын онгоцонд дамжин суухийг урьдчилан мэдэгдсэн тохиолдолд тухай бүрд шалган нэвтрэх зөвшөөрөл олгоно хэмээж буй мэдээг үүгээр уламжлахыг зөвшөөрнө үү.
Зөвхөн Герман төдийгүй Европын зарим улс орноос нөхцөл байдал ноцтой хүндэрч буй бөгөөд Берлинээр дамжин буцах боломжтой, нийт 466 Монгол Улсын иргэд нэн яаралтай буцах хүсэлт шалтгаанаа зөвхөн 2 өдрийн дотор бидэнд ирүүлээд байна.
Эдгээр иргэд нь бага насны хүүхдүүдээ айлд харуулаад түр ажлаар ирсэн, өвчтэй ээж аавыгаа асран хамгаалдаг, өрх толгойлсон иргэд, биеийн байдал муу, эмчийн хяналтад байдаг, жирэмсэн эмэгтэйчүүд, сурахаар ирсэн эрдэм номын өргөө нь тодорхой бус хугацаагаар цуцлагдсан өсвөр насны хүүхдүүд, сурагчид, эрхэлж буй ажил нь хаагдаж байр түрээсийн дарамтанд орж эдийн засгийн бодит хүндрэл үүссэн иргэд билээ.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад зугаалж явсан сайд дарга нарын хамаатнууд, эх орноосоо зугтаасан дүрвэсэн иргэд энд нэг ч алга. Та бүгдийн адил ажил амьдралаа залгуулахаар зүтгэж яваа Монгол Улсын иргэд энд цөхрөл алдан, үр хүүхэд, асран хамгаалдаг ээж аав, өдрийн талхаа залгуулдаг ажил амьдралдаа сэтгэл зовон хөрвөөж сууна.
Бид, Монгол Улсын Иргэд, өөрсдийн үүргээ үнэнчээр ухамсарлан анхаарал сэрэмжтэй байж, гадуур зорчихгүй, тухайн газар мөрдөгдөж буй дүрэм журмыг сахин, эрсдэлээс сэргийлэн муж улсдаа мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг чанд сахин, гараа сайтар ариутган угааж, амны хаалт хэрэглэн, бүхий л бололцоогоороо сэргийлж, эх орон руугаа эрүүл буцахын төлөө өөрсдийгөө тусгаарлаж байна.
Тахлын голомт болж цаашид байдал улам хүндрэх магадлалтай байгаа газраас эрүүл саруул байгаа иргэдээ татан авах бүхий л арга хэмжээг авахгүй байгаа шалтгаан нь тусгаарлах байр, өрөө ор, төсөв мөнгө, эмнэлгийн ажилтны бололцоо байхгүйд гэж үү!
Монгол Улсын засгийн Газраас энэхүү нөхцөл байдлын үед бүх илүү зардлыг танан хэмээн мэдэгдэж буй ч Иргэд бидний нүдээр харахад одоо хийгдэж буй, хийхээр эхэлж буй олон олон үргүй зардлыг хойшлуулан тусгаарлах байр бэлтгэл, эмч эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар татан нэмэгдэх хүч гаргахад төсөв тэрхүү мөнгөө хэрэглэх бололцоотой байна.
Олон олон сайхан сэтгэлт ААН-үүд, буудлын эзэд өөрсдийн байрыг ашиглуулж болох санал УОК-д гаргасан боловч тодорхой хариулт өгөөгүй мэдээг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс гайхшран цөхрөл эрсэн харцаар гунигтай хүлээн авч байна.
Иргэд захиалгат нислэгээр эх орон руугаа буцахад тодорхой заасан хугацаанд каранти буюу хяналтад байхаа бүрэн ойлгож буй бөгөөд зорчихоос өмнө эрүүл мэндийн шинжилгээ хяналтад хамрагдах боломжийн талаар дор бүрээ хайн бэлтгэл хийж суугааг үүгээр дахин дамжуулъя.
Захиалгат нислэг үйлдэгдэх талаар нааштай шийдэгдвэл тодорхой тов, дагалдах төлбөрийн журам зааврыг та бүхний гаргасан журмын дагуу шуурхай барагдуулахад бэлэн байна.
Цаашлаад нөхцөл байдал улам хүндэрч буй үед удаан байх тусам байгаа байрнаас гаргах, аргагүйн эрхэнд хот дамжин зорчих зэргээр тахал өвчинд өртөх магадлал өндөр тул ус байдлыг харгалзан үзэж зөвхөн Азийн орон Солонгос Японоос гадна нэн ойрын хугацаанд Европын холбооны улсууд руу захиалгат нислэг үйлдэж иргэдээ татан авахыг биднээр дамжуулан хүсэлтээ ирүүлсэн нэр иргэдийг төлөөлөн уламжилъя.
Гүнээ хүндэтгэсэн
Эх нутаг руугаа буцах боломж цаг тутамд хүлээн суугаа Монгол Улсын иргэд
Монголчууд Германд мэдээллийн порталын хамт олон
2020 оны 4 дүгээр сарын 6 ны өдөр. Берлин хот" гэжээ.