Сүүлийн өдрүүдэд урин дулаан болж нийслэлд хөл хөдөлгөөн ихсэж, хүүхэд багачууд гадаа гарч тоглох явдал эрс нэмэгдэж, цөөнгүй иргэд амны хаалтгүй гудамжаар явах тохиолдол нэмэгдээд байна.
Өнөөдөр дэлхийн 210 оронд шинэ коронавирусний халдварын тохиолдол илэрч, “COVID-19” халдвар авсан хүний тоо 1,5 сая даваад байгаа энэ хүнд цаг үед иргэн бүр илүү хянуур байж, амны хаалтаа зүүж, Эрүүл мэндийн байгууллагын заавар, зөвлөгөөг дагаж мөрдөхийг Эрүүл мэндийн сайд дахин сануулж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: “Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрээр "Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа" гэж хэлсэн. Тиймээс би ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно. Бидэнд өнөөдрийг хүртэл эрсдэл байгаа учраас маск зүүх чиглэлд бүгдээрээ бие биедээ шаардлага тавъя. Гадуур, дотуур залуучууд маскгүй яваад байна. Маск зүүгээгүй хүнд "хүү минь, найз минь ч маскаа зүүгээч" гэж хэлье, шаардъя. Чи өөрийгөө болон намайг, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулаад байна гэдгийг хэлье. Өнөөдөр маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Тайвшраад байгаа үр хүүхэд, найз нөхөддөө дор бүрнээ шаардлага тавьж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалъя гэдгийг дахин хэлмээр байна” хэмээн онцоллоо.