Өчигдөр 22:00 цагаас эхлэн Гурвалжингийн хос гүүрийн нэг талыг урсгалыг бүрэн хаагаад байгаа билээ.
Тус гүүрийн зүүн талын хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадаст эвдрэл гарсан учир ийнхүү зам хаан засварлаж байгаа юм.
Үүнээс үүдэн замын ачаалал, түгжрэл нэлээд нэмэгдээд байна.
Иймд замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.
Тэрбээр "Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэв гажилтын заадаст эвдрэл гарсан тул засварлахаар өчигдөр 23:00 цагийн орчим тус хэсгийн гүүрийн хөдөлгөөнийг бүрэн хаасан. Ингээд баруун талын гүүрийг хоёр урсгалтайгаар тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Үүний улмаас замын ачаалал маш их болсон бөгөөд иргэд ажлаасаа хоцорлоо гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байна. Одоогоор Саппорогийн уулзвар болон Вig барилгын худалдааны төвийн уулзвар тус бүрт дөрөв, дөрвөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагч ажиллаж, хөдөлгөөнд зохицуулалт хийж байна.
Иймд иргэдэд хандаж хэлэхэд, бид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа учир Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна.
Мөн яаралтай ажилтай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" гэлээ.