Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
4 сарын 23, 2020

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто зогсоолуудыг нэгдсэн зохион байгуулалтай болгож, шинээр судлагдсан боломжит байршлуудад авто зогсоолыг иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран байгуулах, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал, төрийн байгууллагын нягтаршил болон бусад онцлог байдлаас хамааран авто зогсоолын төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулах боломжит цагийг харилцан адилгүй байдлаар зохион байгуулах нь зүйтэй юм. Мөн зогсоолын үйлчилгээний төлбөрийг зогсоолын төлбөрийн бүсээс хамааран харилцан адилгүй байхаар төлөвлөсөн бөгөөд үйлчилгээ эрхлэгч байгууллага нь төлбөртэй зогсоолоос олох орлогын 40 хувийг Авто замын санд төвлөрүүлэхээр тусгасан. Учир нь зогсоолын үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж нь хэрэгжүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан холбогдох стандарт, нормын дагуу өөрийн хөрөнгөөр тухайн зогсоолын талбайд тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан үйл ажиллагааг явуулна” гэв.

Түүнчлэн зогсоолын сэлгэлтийг нэмэгдүүлэх зорилгоор автомашиныг нэг зогсоолд удаан хугацаагаар тавихгүй байх зохицуулалтыг хийж ажиллах аж. Цаашид энэхүү журмыг хэрэгжүүлснээр нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааны зохион байгуулалт, сэлгэлт сайжирч, хотын төвийн түгжрэлийг бууруулах боломж нэмэгдэх юм байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийтийн эзэмшлийн зам талбайн авто зогсоолын арчлалт, ашиглалтад анхаарах шаардлагатай. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар зогсоол орчмын газрын ногоон байгууламж, хайс, хашлага болон нийтийн эзэмшлийн зам талбайд ямар зохицуулалттай байхыг журмандаа тусгах нь зүйтэй” гэдгийг онцолж хэллээ. Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Тогтоолын төсөлдөө зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг нэмж тусгах хэрэгтэй. Авто замын хөгжлийн газар тэмдэглэлийн төслөө оруулж ирж танилцуулах шаардлагатай” гэв. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох албаныханд тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг илүү эрчимжүүлэх чиглэлийг тэмдэглэлээр үүрэг болголоо.

“Нэг хот- Нэг стандарт” болзолт уралдааныг дүгнэх тухай асуудлыг танилцууллаа

Хуралдаанаар дараа нь хэлэлцэх “Болзолт уралдаан дүгнэх тухай” асуудлыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав. Нийслэлийн Засаг даргын А/1343 дугаар захирамжаар “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зарласан. НЗДТГ-ын даргын 2020 оны А/10 дугаар тушаалаар байгуулагдсан Болзолт уралдааныг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны нэгдүгээр улиралд болзолт уралдааныг идэвхжүүлэх, албан хаагчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор хороо бүрийн төлөөлөл болох 350 хэсгийн ахлагч, 171 хорооны зохион байгуулагч, хорооны Засаг дарга, дүүргүүдийн 105 удирдах албан тушаалтан, нутгийн захиргааны байгууллагуудын 60 удирдах албан тушаалтанд 52 удаагийн сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, 232 төрлийн зөрчлийн хэрхэн таних, илрүүлэх талаар цахим гарын авлага боловсруулж, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт хүргэж ажиллажээ.

Нийслэлийн ажлын хэсэг нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд дүүргүүдээс нэр дэвшүүлсэн хороо, хэсгийн ахлагч нарын баг болон агентлагуудын үйл ажиллагаатай ажлын байранд нь очиж танилцах замаар үнэлгээ өгч ажилласан байна.

Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагуудын шат шатны албан тушаалтнууд тайлан мэдээллээ гаргахдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Хариуцсан ажилдаа эзэн байснаар дараагийн урамшуулах асуудлууд яригдана. Нөгөө талаар шагнал урамшууллын хажуугаар хариуцлагын тухай асуудлыг заавал хамт ярьж байх хэрэгтэй” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхааруулж хэлэв.

Зөвлөлийн гишүүд болзолт уралдаантай холбоотой саналаа хэлж, цаашид ажлыг илүү урагшлуулах чиглэлд анхаарах хэд хэдэн асуудлаар санал солилцоод “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны нэгдүгээр улирлын дүнг дүгнэх тухай захирамжийн төслийг баталлаа.