Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
4 сарын 24, 2020

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-аас тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар, анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан байна. Тиймээс уг хуулийг шинэчилэн найруулж, өнгөрсөн онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлжээ. Хуулийн төсөлд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг зохицуулах заалт тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас 22 зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргажээ. Чуулганаар ажлын багийн боловсруулсан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чехийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлав.

БНЧУ-д Монголын 8813 иргэн амьдарч байна. Үүнээс 65 хувь нь тус улсад 5-25 жил оршин суух эрх авчээ. Гадаадад амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл олон жилээр тасарч, улмаар ирээдүйд эх орондоо ирээд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх, эсхүл хэт бага тэтгэвэр авах нөхцөл үүсдэг байна. Хэлэлцээрийг соёрхон баталснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж. Тодруулбал, Чех улсад амьдарч буй иргэд тус улсаас өндөр насны тэтгэвэр авах боломжтой болно. Эсхүл эх орондоо ирээд Чех улсад ажилласан жилүүддээ Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах боломж бүрдэнэ. Хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Ташрамд дурдахад, Засгийн газраас энэ төрлийн хэлэлцээрийг Унгар, БНСУ, Турк, Полш улстай уг хэлэлцээрийг байгуулаад буй юм.

Чуулганаар Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сангийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.