Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав.
Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй таван санал, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын нэг томъёоллыг бэлтгэсэн байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асууж, Д.Сарангэрэл сайдаас хариулт авлаа. Хэлэлцэж буй төслөөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцооны хувьд томоохон өөрчлөлт оруулахаар тусгасан байна. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа цахимжиж байгаа бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэх үүднээс салбар бүхэлдээ үйл ажиллагаагаа цахимжуулах шаардлага тулгараад буйг Эрүүл мэндийн сайд хэлсэн. Эрүүл мэндийн 2, 3 дугаар шатлалын үйлчилгээ үндсэндээ цахим хэлбэрт шилжсэн бол одоо анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах, ийнхүү бүх шатандаа цахим үйлчилгээг нэвтрүүлснээр Засгийн газрын “Хур” системд холбогдох замаар үндэсний хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах юм байна. Үүнтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг төсөлд тусгаад байгаа гэв. Аль ч шатны эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэсэн тэдгээр нь дараа дараагийн шатны эмнэлэгтээ хүлээн зөвшөөрөгдөх, иргэдэд дахин дахин шинжилгээ, тусгай төхөөрөмжийн өндөр үнэтэй оношлогоо хийлгэх шаардлагагүй болох юм байна. Хэлэлцэж буй хуулийн төслөөр өрхийн эрүүл мэндийн төвүүд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ иргэдэд чиглэсэн олон төрлийн зохицуулалт бий гэлээ. Сум дундын эмнэлгүүдийн статусыг тодорхой болгож, үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Д.Сарангэрэл сайд тайлбарласан.
Дараа нь ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн мхүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн" гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг” гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг мөн хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь дэмжлээ. Төслийн 1 дүгээр зүйлийн 16.19, мөн зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус хасахыг гишүүдийн олон дэмжсэн юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 44.1.6 дахь заалтыг “44.1.6.өөрийн байгууллагын ажилтныг энэ хуулийн 8.5-д заасан журмын дагуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамруулах;” гэж өөрчлөн найруулахыг 76.9 хувийн саналаар дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлийн 1/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийг тус тус хасахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.
Ийнхүү зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.