Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан осол гарчээ.
Ослын тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой бадлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд хөдөө, орон нутгийг ихээр зорьдог. Орон нутгийн замд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хурд үл хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэлгүй байж өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.