Загасчилж яваад Сэлэнгэ голд живж амиа алджээ
5 сарын 14, 2020

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /56 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тул тус аймгийн Онцгой газар 04.27-ны өдрөөс 05.06-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан.

Тухайн иргэний цогцос тус багийн “Сүмийн булан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 4 км-т/ усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыа 2020.05.13-ны өдрийн 14:30 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 17:23 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гардаг аж.

Иймд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.