ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр дөрвөн лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 402 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Халдвар илэрсэн хүн нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан.
Тавдугаар сарын 13-нд ирсэн оюутнуудын дундаас анх 55 тохиолдол илэрч байсан бол давтан шинжилгээнүүдээр нэмэгдэж, 57 тохиолдол болж байна.
Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм.
Сайн мэдээ байна. Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Хүмүүсийн эмчлэгдэж байгаа дундаж хугацаа 30-40 хоног байна" гэв.