УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдэн гарчээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нь 7 бүлэг 25 зүйлтэй. Тухайлбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хугацааг нарийвчлан тогтоосноор хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад хүндрэл учруулж байсныг арилгаж, олон улсын жишигт нийцүүлж,урт хугацааны хөгжлийн бодлого нь зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтээс бүрдэхээр, дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, санхүүгийн эх үүсвэр, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээс бүрдэхээр ялгамжтай зохицуулжээ.
Мөн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн баримт бичиг нь улсын хэмжээнд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө байхаар, орон нутагт Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө байхаар тусгасан байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, баримт бичгийн хоорондын уялдааг хангаж, хэрэгжилтийг нэг мөр болгох зорилгоор Монгол Улсын шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам байгуулж, түүний харьяанд Үндэсний хөгжлийн хүрээлэн ажиллахаар иж бүрэн тогтолцоо бүрдүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шатыг тусгайлан зааж, баримт бичиг боловсруулахад тавих шаардлага, урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн цаглаварыг төрөл тус бүрээр нь хуульчилжээ.
Түүнчлэн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төлөвлөлт, биелэлтэд чанарын үнэлгээ хийх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ болон үр нөлөөг үнэлэх зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тусгасан.
Харин Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төрийн тусгай хамгаалалтын газар нь Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч агентлаг болж, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар тогтоох бөгөөд бүтэц, орон тоо, төсөв нь төрийн нууцад хамаарахаар зохицуулжээ.
Мөн уг хуульд Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна төрийн тусгай албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлөх бөгөөд ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болохоор тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол 3 жил, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол 2 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байхаар зохицуулсан байна.
Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүн бүрт харьяалал харгалзахгүй үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохирсон эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээтэй хослуулах, эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн асуудлыг шинээр бий болгох, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл шаардах, дарамтлах, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүргийг тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тодорхой болгож хуульчилсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.