ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
Тэрбээр "12 дугаар сарын 3-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд, Дорнод аймгийн лабораториудад нийт 20,240 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байв.
Өчигдөр шинээр 11 хүнд коронавирус илэрсэн бол бусад хүнд илрээгүй байна.
Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь өмнөх хавтлын давтан шинжилгээ бол нэг нь өчигдрийн автобус баазын жолоочийн хавьтал болсон хүн байна. Жолоочийн ойрын, нэг унаагаар ажилдаа явдаг хүнээс илэрсэн. Автобус баазын нийт 512 хүнийг шинжилгээнд хамруулахад бусад хүнээс халдвар илрээгүй" гэлээ.
Мөн Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь гэр бүл болон ойрын хавтлын шинжилгээ байна.
Дорноговь аймгийн Замын-Үүдэд мөн шинээр 4 тохиолдол батлагдсан.
Ийнхүү улсын хэмжээнд дотоодын 397 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч дараагийн хяналтад шилжсэн байна.
Нийт Монгол улсад 842 тохиолдол батлагдсанаас 368 нь эдгэсэн бол ажиглалтад 53 хүн байна.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 392: (2020.12.05-ны байдлаар)
Сэлэнгэд - 197
Улаанбаатарт - 99
Дархан-Уулд - 45
Орхонд - 24
Дорноговьд - 25
Говьсүмбэрт - 4
Архангайд - 3 батлагдсан тохиолдол байна.